УИХ, хууль тогтоогчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хутгалдах боломжийг өөрсдөдөө хуулиар олгочихлоо. Өнгөрсөн баасан гарагт баталсан УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулиар үүнийг баталгаажуулсан бөгөөд уг хуулийг ердийн журмаар хэрэгжүүлэх тул Ерөнхийлөгч хориг тавихгүй л бол тун удахгүй “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэнээр мөрдөж эхэлнэ.
Энэ бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг “амилуулахаар” ээлж, дараалан баталж буй олон хуулийн нэг нь. Тодруулбал, Үндсэн хуулийн 28.2-т “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” хэмээн заасан. Үндсэндээ хянан шалгах түр хороо байгуулсан тохиолдолд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна гэж ойлгож болно.
Тус түр хороо нотлох баримт цуглуулах, гаргуулж авах, шаардах, гэрчээр дуудах, мэдүүлэх авах, шинжээч болон хянан шалгагч томилох зэрэг бүрэн эрх хэрэгжүүлнэ. Тодруулбал, түр хорооны гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гэрч дуудах, нотлох баримт бүрдүүлэх, шинжээч ажиллуулах санал гаргавал шууд шийдэхээр тусгасан байв. Тэгвэл нэг ч гишүүн бай гэрчээр дуудах, шинжээч томилох, нотлох баримт гаргуулах санал гаргасан бол тухайн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхоор шийдвэрлэхээр батлав.
Түр хороо 19 гишүүнтэй байх бөгөөд олонх нь буюу 10 гишүүн хуралдаанд оролцож, тэдний олонх нь гэрч дуудах, шинжээч томилох, нотлох баримт гаргуулах, эсэхийг шийдэж таарах нь. Хэрэв саналыг нь дэмжихгүй бол цөөнх болсон гишүүд нь гурав хүртэл удаа үндэслэлээ тайлбарлаж, олонхдоо учир холбогдлоо хэлж санал хураалгах эрхийг нь бас нээв.
Түр хороо нь эл бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хяналтын сонсгол зохион байгуулах бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа асуудлаар явуулахыг хориглохоор анх өргөн барьсан төсөлд байсан ч хасаад баталчихлаа. Эцэст нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагаанд хууль тогтоох байгууллага оролцох эрхтэй болж буй нь энэ. Хянан шалгах түр хорооныхон цуглуулсан, шаардаж авсан нотлох баримтуудыг сонсголоороо шинжлэн судлах юм билээ. УИХ хянаж, шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэхээр л “эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал” хэмээн хууль тогтоогчид хүрч болохооргүй хана үүсгэнэ гэж үзэж, дээрх заалтыг хассан. Гэтэл хууль, хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэг бусад байгууллага, шүүхийн шатанд байгаа аливаа хэрэг, маргаанд УИХ-ын гишүүдийг хутгалдуулахгүй байх хангалттай баталгаа алга. Шуудхан хэлэхэд, манай хууль тогтоогчид уг заалтыг урвуулан ашиглахгүй гэдэгт ихээхэн эргэлзэж байна. Хэдийгээр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар л түр хороо байгуулж, хяналтын сонсгол хийнэ гэж байгаа ч өнөөгийн хууль тогтоогчид юуг ч, яаж ч гуйвуулж мэднэ. Популизм хийж гаршсан гишүүд олонтойг хэлэх үү, хянан шалгах түр хороогоор далимдуулан мөрдөн байцаалтын нууцад халдах, ил гаргах, хууль, шүүхийн байгууллагын шийдвэрт нөлөөлөх эрсдэл отоод байж байна. Тэгж яривал энэ парламентад улс төр, бизнес, өөр бусад олон эрх ашгийг төлөөлсөн хүмүүс бий. Гэмт хэрэгтнүүд байхыг ч үгүйсгэхгүй. Тэгээд ч одоогийн нөхцөлд шүүх, хуулийн байгууллагынханд олон нийтээс хүлээлгэх итгэл багасаад буй.
УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн өөр нэг анхаарал татсан заалт нь нэр дэвшигчийн сонсголыг хуульчилсан явдал. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороо (шүүгч бус), Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, АТГ-ын дарга, дэд дарга, ерөнхий аудитор, Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийнх нь дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийнх нь дарга, Үндэсний статистикийн хорооны даргыг томилохдоо заавал дээрх сонсголыг зохион байгуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл, УИХ томилдог, зөвшилцдөг албан тушаалтнуудтайгаа холбоотойгоор сонсгол хийдэг байх нь. Жишээ нь, саяхан Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилохдоо сонсгол зохион байгуулсан шүү дээ. Энэ үеэр хэн, хэний талаар юу, юу гэж ярьж, шүүмжилчихээд, эцэст нь ямар томилгоо хийснийг олон нийт харсан. Үүн шиг сүржигнэл, зардал мөнгө, цаг хугацаа барсан, хий хоосон ажил хойшид ядаж бага хийгээсэй.
Мөн УИХ-ын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол холбогдох байнгын хороо албан тушаалтныг томилох, зөвшилцөх, танилцах сонсгол хийхийг “нэр дэвшигчийн сонсгол” гэж ойлгож болно. Анх таван гишүүний саналаар зохион байгуулахаар тусгасан байсан ч ес болгон нэмэгдүүлэв. Жишээ нь, Элчин сайд нарыг томилохдоо Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх ёстой. УИХ-ын есөөс доошгүй гишүүн Элчин сайдад нэр дэвшигч хэн нэгний талаар санал гаргавал нээлттэй сонсгол явуулах боломж бүрдсэн гэсэн үг.
Хамгийн гол нь эл сонсгол баримт, мэдээлэлд үндэслэсэн, талуудын оролцоог тэнцвэртэй хангасан байх бөгөөд нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуульд заасан бусад шаардлагыг хангасан, эсэхийг УИХ нээлттэй хэлэлцэж, олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэнэ гэдгийг хэлэлцүүлгийн явцад хууль тогтоогчид хангалттай ярьсан. Уг нь 2015 онд баталсан Нийтийн сонсголын тухай бие даасан хууль бий. Үүгээр төрөл, хэлбэрийг нь зааж өгсөн бөгөөд томилгооны болон танилцах сонсгол нь “нэр дэвшигч”-ийнх болж буй аж.
Ц.Мөнх-Оргил (УИХ-ын гишүүн): -Энэ асуудлыг жаахан ялгаатай авч үзэх хэрэгтэй. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудал нийтийн эрх ашгийг хөндөж байж болох ч энэ нь дотроо задраад, шүүхийн шатанд хэд хэдэн асуудал болчихоод байгаа шүү дээ. Шүүхийн шатанд байгаа, эсвэл эрүүгийн хэрэг үүсгээд, мөрдөн шалгаж байгаа асуудлыг УИХ авч, хянан шалгах үйл ажиллагаа явуулмааргүй байна. Эдгээрийг зааглахгүй бол Хянан шалгах түр хороо хуулиар хориотой, шүүх, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, дарамт үзүүлэхгүй байх зарчмыг давах гээд байна. УИХ нь гэрч дуудаад, дүгнэлт гаргаад, тогтоол батлаад байх нь шүүх, прокурорын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого болно шүү. Магадгүй энэ заалтаас болоод манай хянан шалгах үйл ажиллагаа шал өөр замаар явчих аюул гарна шүү. Манайд энэ чинь шинэ юм. Бидний өнөөдрийн байдал, улс төрийн соёл, намууд болон улстөрчдийн төлөвшил хэрэгжилтийг нь тэс өөр тийшээ аваад явчихаж мэднэ.
О.Мөнхсайхан (судлаач): -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд тухайн асуудалтай холбоотойгоор нийтийн эрх ашгийг хөндсөн зүйлээр нь Хянан шалгах түр хороо байгуулж болох уу, үгүй юү гэдэгт л хариулт өгмөөр байгаа юм. Үүний цаана хууль тогтоох засаглалын хяналт, шалгалтын бүрэн эрх, шүүх хоёрын тэнцвэрийг яаж олох вэ гэдэг маш хэцүү асуудал бий. Венецийн комисс, Европын Холбоо, ийм түр хороо ажилладаг Австри, Герман, пост коммунист Эстони, Латви зэрэг улсын хуулийг харьцуулаад харахад, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдгээр нь шууд бүхэлд нь хориглосон зохицуулалт олдоогүй. Венецийн комиссын тайлбарт дурдсанаар асуудал үүслээ гэхэд эрүүгийн болон бусад хянан шийдвэрлэх ажиллагааг өөр өөрийнх нь чиг үүргээр явуулахаар байна. Уг хуулийн 33.10-т хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг нь хориглохоор тусгасан. Жишээ нь, шийтгэл оногдуулах, гэм бурууг тогтоох асуудал руу ерөөсөө орохгүй гэсэн үг. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар тусдаа баримтууд цуглуулаад, дүгнэлт гаргаж, олон нийтийн мэдэх эрхийг нь хангах зарчим үйлчилнэ. Германд одоогоор гурван түр хороо ажиллаж байгаа юм билээ. Нэг нь террорист халдлагатай холбоотой. Мэдээж тухайн халдлагын мөрөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэхдээ халдлага яагаад гарав, урьдчилан сэргийлэх боломжтой байсан уу, холбогдох албан тушаалтнууд ажлаа хийсэн үү, цаашдаа яаж сэргийлэх вэ гэдэг талаас нь түр хороо дүгнэлт гаргаад явж байгаа юм билээ.
Ж.Сүхбаатар (УИХ-ын гишүүн): -Ц.Мөнх-Оргил гишүүний хэлснээр явбал хяналт, шалгалтыг бүхэлд нь хаачихаж байгаа юм. Нөхцөл байдлыг тодруулах, холбогдох баримтыг шинжлэн судлах агуулгаар түр хороо ажиллана. Тиймээс шүүн таслах болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хамаарахгүй. Парламентын мөрдөн шалгалт нь эрүүгийн хэргийн байцаагчдын ажлыг орлуулж байгаа хэлбэр биш. Ингээд бүхэлд нь хаачихвал уг хуулийн утга, ач холбогдлыг эрс сулруулах аюултай. УИХ түр хороог байгуулах явцдаа хүрээ, хязгаар, сэдэв гээд бүх зүйлээ тал талаасаа ярилцана. Шүүхийн, мөрдөн байцаалтын шатанд шийдэгдэлгүй удсан асуудлыг бусад улс орон парламентын түвшинд ярилцсаны хүчинд илрүүлсэн тохиолдлууд бий.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр гишүүдийн хэлсэн үг (2020 оны арванхоёрдугаар сарын 15)