Засгийн газар өнгөрсөн бямба гарагт ээлжит бусаар хуралдаж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтот хөтөлбөр хэмээн үүнийг тодорхойлж буй. Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өснө гэж тооцсон байна. Мөн ажиллах хүчний оролцооны түвшин 65, дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хэмжээ 13 хувиар өснө гэж таамаглажээ. Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тус бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслийн жагсаалтыг хавсаргасан байна. Үүнийг УИХ баталбал 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх аж.
Түүнчлэн тус хуралдаанд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Мөн Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэвээр хадгалах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтыг эцэслэн боловсруулсан байна.
Бэлтгэсэн Б.Уран