Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар 32 хуулийн төслийг эцэслэн батлав. Тухайлбал, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг баталсан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн 25.1.8-д заасан “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрх болон нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан заалтуудыг амилуулж, үр дүнтэй хяналт хэрэгжүүлэх байдлаар Монгол Улсын парламентыг хөгжлийн дараагийн шатанд нь хүргэх зорилготой шинэ хуулийг баталлаа. Ингэснээр УИХ-ын гишүүн, түүний цаана ард түмэн төрийн аливаа шийдвэрийн биелэлт, алдаа, дутагдал, шалтгаан нөхцөл, юу хийвэл тухайн зөрчил нь арилах, гацаа нь гарах талаар бодит зураглал гаргах боломж бүрдэнэ” хэмээн онцлов. Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм.
Дараа нь Засгийн газраас энэ сарын 22-нд өргөн мэдүүлсэн Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэв. Уг төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага аваад байсан юм. Хаалттай хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гаргасан. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нь нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэйгээр парламентаас байгуулсан түр хороо уг төслийг хаалттай хэлэлцсэнийг тэрбээр сануулаад, “Засгийн газар хөрөнгө оруулагч талтай жил гаруйн хугацаанд яриа хэлэлцээ хийж, тодорхой үр дүнд хүрч байна. Гэвч хоёр талын яриа хэлэлцээ үргэлжилж байгаа учраас тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй” хэмээн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь дэмжсэн юм.
Мөн гишүүн Н.Ганибалаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийсэн. Хуралдааны төгсгөлд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжлээ.
Бэлтгэсэн Б.Уран