УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг төслийг Б.Пүрэвдорж нарын зургаан гишүүн санаачилсан. 2018 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа өндөр настны тэтгэврийг дараалсан долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн юм. Үүнээс өмнө тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жилийн буюу 60 сарын дундаж цалинд үндэслэдэг байв. Шимтгэл төлсөн хугацааг ийн нэмэгдүүлснээр тэтгэврийн хэмжээ нь багасаж байгаа гэж хууль санаачлагч үзжээ. Өнөөдөр манай улсад өндөр настны тэтгэвэр авагч 317 мянга орчим иргэн бий. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан таван жилээ сонгож тооцуулахаар уг төсөлд тусгасан байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн С.Одонтуяа “Таван жилээр дунджилдаг байсныг долоо болгосон нь их буруу алхам болсон. Ажлын байр тогтворгүй манайх шиг улсад дараалсан долоон жилд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс тооцож, тэтгэвэр тогтоох гэдэг шаардлага маш хэцүү. Тэр дундаа хүүхэд төрүүлж буй эмэгтэйчүүдэд их хохиролтой” гэсэн бол гишүүн Ч.Ундрам Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдаж байгаа, эсэхийг тодруулсан. Тэрбээр “Тэтгэврийн хэмжээ маш их ялгаатай байна. Нэг салбарт ижил хугацаагаар ажилласан атлаа хэдийд тэтгэвэр тогтоолгосноос хамааран тэтгэврийн хэмжээ нь хол зөрүүтэй байгаа” гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаярын хэлснээр Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн долоон жил буюу 84 сар гэсэн хугацааг жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр тусгасан аж. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах тооцоо хийхэд 2022 онд 600 тэрбум төгрөг шаардлагатай дүн гарчээ. Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг 2015 оноос хойш шинэчлээгүй тул тэтгэврийн зөрүү үүсэж байгаа гэнэ. Шинэчилсэн найруулгын төсөлд цаашид тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байхын тулд тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг шинэчилж батлахаар тусгасан байна. Мөн инфляцын түвшин дөрвөн хувь хүртэл жил бүр өссөн бол үүнтэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэхээр заажээ.
Бэлтгэсэн У.Наран