УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улс улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Тус байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн орсны нэг нь манайх. Энэ нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой хэлэлцээр юм байна. Тиймээс дээрх хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж, эл хэлэлцээрт нийцүүлэх шаардлага үүсжээ. Улмаар Дэлхийн худалдааны байгууллагын зөвлөлд үүнийгээ мэдэгдэх ёстой аж. Төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн гарсангүй.
Мөн Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдээгүй тул хуралдсангүй. Тус хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байв. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байв.
Бэлтгэсэн У.Наран