“Ковидын хууль”-ийн үйлчлэлийг сунгахаар УИХ дахь олонхын бүлгийнхэн санал нэгдсэнтэй холбогдуулан гишүүн Т.Доржханд эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Төсвийн эрх мэдэл ард түмэнд буюу тэднийг төлөөлж буй УИХ-д байх ёстой. Гэтэл төсөвт хяналт тавих эрхгүй болсон. Эцэст нь үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардал нэмэгдсэн. Бид хуулийн дагуу ажиллах ёстой. Засгийн газар сүүлийн хоёр жилд “Ковидын хууль”-ийг хэрэгжүүлсэн ч үр дүн гарсангүй. Засгийн газар сонгон шалгаруулалтгүйгээр томилж байна. Төрийн нарийн бичгийн дарга гэхэд хамгийн багадаа 16 жил ажилласан, үүнээс найман жилд нь яаманд газар, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэсэн байхаар хуульд заасан. Туршлагагүй, бичиг цаас боловсруулах ч соёлгүй хүмүүс төрд ажиллаад эхлэхээр шийдвэр нь оновчгүй, үр дүнгүй байна. Засгийн газар бол чадавхад суурилсан институц. Ирэх оны төсвийн орлогыг хөөсрүүлж тооцсон. Ингээд сунгачихвал битүү халамж болно. Засгийн газар “Халамжаас хөдөлмөрт” гэж уриалаад байгаа нь лоозон болж хувирлаа. Эрх баригчид хүний эрхийг хангахад анхаарна гээд байгаа. Гэвч “Ковидын хууль”-д хүний эрхийг хязгаарласан олон заалт бий шүү дээ. Эрх баригчдын ам, ажил зөрж байна. Энэ хуулийн үйлчлэлийг зогсоогоод, бусад хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх боломжтой ч тэд хууль бус үйлдлээ халхавчлахын тулд хугацааг нь сунгаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Бэлтгэсэн Б.Уран