Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хэлэлцээ хийв. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй 100 жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцон, шинэ зууны “замын зураглал”-ын талаар ойлголцолд хүрлээ. Хэлэлцээний үеэр улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гэх мэт өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Салбаруудын харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь чухал болохыг тэмдэглэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа, тээврийн урсгал үйлчилгээний зангилаа “Транзит Монгол” болох зорилт тавьж буйг тэмдэглэж, төмөр зам, авто замын томоохон төслүүдэд Оросын талыг хамтран ажиллахыг урив. Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм. Төрийн тэргүүн нар хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн. Төрийн тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотоллоо. Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал болохыг тэмдэглэлээ. Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотолсон юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлж, Оросын талтай идэвхтэй хамтрах сонирхлоо илэрхийлэхэд Ерөнхийлөгч В.В.Путин үүний хүрээнд ажиллах боломжийг судлах үүргийг өгөхөө хэллээ.
Тэд хэлэлцээний дараа Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргаснаа зарласан юм.