Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-д айлчилж буй. Энэ үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг байгууллаа. Энэхүү баримт бичигт хоёр улсын зам, тээврийн салбарт төмөр зам, агаарын тээвэр, автотээвэр, тээврийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар ойрын жилүүдэд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тохирон баталгаажуулсан. Уулзалтын үеэр талууд цар тахлын үед түр зогсоод байсан хоёр талын агаарын харилцааг эргэн сэргээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв. Улаанбаатар-Улан-Үд, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгүүд хийгдэж эхэлсэн бөгөөд Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг 2022 оны 1 дүгээр сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дурдав.
Мөн Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар ОХУ-аар дамжуулан тээвэрлэж Алс дорнодын далайн боомтууд, БНАСАУ-ын Раджин боомтоор дамжуулан экспортод гаргах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдлээ. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын “Төв” коридор, Улан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд хэсэглэлийг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих ТЭЗҮ-г хамтран боловсруулахаар тохиролцлоо. Уулзалтад ОХУ-ын тээврийн орлогч сайд В.А.Токарев, “Оросын төмөр замууд” НХН, ОХУ-ын тээврийн яамны Гадаад харилцааны газрын төлөөлөгчид оролцов.