Хүний эрхийн үндэсний комисс дахь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулахаар ирэх сарын 15 хүртэл нэр дэвшигчдээс хүсэлтийг нь авч эхэлжээ. Бүртгэлийг хааснаас хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх, эсэхийг шийдвэрлэх аж. Улмаар ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament. mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх юм байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулалт эхэлсэн байна. Нэр дэвшигч нь 45 нас хүрсэн, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албыг дөрвөөс доошгүй жил хашсан байх ёстой. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй хүнийг бүртгэх юм байна. Хүсэлтийг энэ сарын 23-ны 17.30 цаг хүртэл хүлээн авна.
Бэлтгэсэн У.Наран