“Ковид”-ын хэмээн товчилж бичдэг, ярьдаг болсон Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ сарын 31-нээр дуусгавар болох юм. Төрийн өндөр албан тушаалтнуудын дунд “Хуулийн хугацааг сунгая, цуцлах болоогүй” гэж ярьж буй нь бий ч, одоогоор аль ч түвшинд, хэн ч энэ талаар хөндөөгүй байгаа юм. Тэгэхээр уг хууль 13 хоногийн дараа хүчин төгөлдөр бус болно. Үүнтэй зэрэгцэн, онцгой нөхцөл байдлын үед шуурхай арга хэмжээ авах зорилгоор буюу УОК, Засгийн газрын шийдвэрийг харгалзан төрийн албанд томилсон 1000 гаруй албан хаагч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болж байгаа. Гэхдээ мэдээж төрийн ажлыг тасхийтэл орхиж болохгүй учир түр орлон гүйцэтгэгчийн хувиар ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Хүсвэл Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтад өрсөлдөж, ялбал орон тоон дээрээ үлдэж болно. Шалгалтаар өрсөлдөгчөө барахгүй бол суудлаа тавьж өгнө гэсэн үг.
Төрийн албаны зөвлөлөөс эдгээр албан хаагчид зориулсан “Сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт” нэрээр тусгай шалгалт зарласан бөгөөд уг зөвлөл нийт 36 байршилд зохион байгуулахаар бэлтгэж, зарим газарт хэдийн эхлүүлжээ. Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн уг сонгон шалгаруулалтад хүссэн хэн ч оролцож болох юм байна. Ямар, ямар ажлын байрны төлөө өрсөлдөж болохыг дурдаж болох ч зай талбай нэлээд шаардлагатай тул товчилъё. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, технологийн болон Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллах сонирхолтой бол шалгалт өгөх л хэрэгтэй.
Энэхүү мэдээллийг бэлтгэх явцдаа манай улсын Төрийн албаны зөвлөл төрийн албыг бэхжүүлэх тухайд нэлээд ажил зохион байгуулж буй талаар олж мэдлээ. Үйл ажиллагааны цаашдын төлвийг нь ч тандав. Тус зөвлөл Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтарч энэ оны арав, арваннэгдүгээр сард 11 аймагт ажиллан, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, томилгооны байдалд хяналт шалгалт хийжээ. Үүнд төрийн 350 гаруй байгууллагын 4606 албан хаагчийг хамруулсан байна. Үүний хүрээнд хууль бус томилгоотой холбогдсон 95 шийдвэрийг хүчингүй болгожээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 91 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлсэн байна.
Энэ оны есдүгээр сарын байдлаар “Ковидын” хуулийг баримтлан сул орон тоонд хуулийн шаардлага хангаагүй 1037 хүнийг удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсныг мөн тогтоожээ. Энэ талаарх хяналт, шалгалтыг үргэлжлүүлж буй аж.
Төрийн албаны зөвлөлийн хүрээнд төрийн байгууллагуудын өнөөгийн үйл ажиллагааны талаар нээлттэй, илэн далангүй авч хэлэлцсээр байгаа аж. Ажил хийдэггүй, сэтгэлгүй, зарчмаа умартсан, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан хүнтэй эвлэрэхгүй, зайлуулах арга хэмжээ авах гэнэ. Үүнээс төрийн албаны шинэтгэл эхэлнэ ч гэж үзэж байна. Хөрөнгө, санхүүжилт гэхгүй, гагцхүү сахилга, хариуцлага, ёс зүй, хандлага, соёлыг сайжруулах замаар хэрэгжүүлэх ажил хэмээн үзэж байна. Тиймээс төрийн байгууллагууд анхаарлаа үүнд хандуулж, үйл ажиллагаагаа уялдуулъя хэмээн уриалжээ. Төрийн байгууллагууд төрийн албаны үндсэн зарчмыг баримтлахгүй явж ирсэн нь монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг сулруулж, улмаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан, дотоод аюулгүй байдлыг доройтуулж болзошгүй хэмжээнд хүрээд байгааг УИХ-ын анхааралд хүргэснээр Төрийн албаны тухай хуулийг шинэчилж чадсан хэмээв. Танил талын дэмжлэг, садан төрлийн нөлөөгөөр төрийн албанд шууд томилогддог зөрчил даамжирснаар төрийн албаны нэр хүнд, иргэдийн итгэл унаж, засаглалын үнэт зүйлийг алдагдуулахад хүрсэн нь “цүнх баригчид”, “ургийн мод”, “төрлийн алба” гэх нэр томьёо хүртэл гарч, нийгэмд шүүмжлэл тасрахгүй байгаагаар нотлогддог гэж байна.
…Төрийн албаны зөвлөл цар тахал ч бай, аливаа тулгамдсан нөхцөл байдлыг далимдуулан төрийн албанд, тэр дундаа төсөв захиран зарцуулах эрх мэдэл бүхий орон тоонд хуулийн шаардлага хангахгүй иргэдийг хээвнэг томилж, энэ албаны хүчийг сулруулах боломжийг цаашид хэнд ч үл олгох буй за…
Энэ сарын 9-нд болсон Авлигын эсрэг үндэсний чуулганд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны томилгоо, ил тод байдал: Томилгооны зөрчлөөс сэргийлэх нь” сэдвээр тавьсан илтгэлдээ юу гэж хэлснээс мэдээлье. Тэрбээр “Томилгооны зөрчилгүй төрийн албыг төлөвшүүлье” гэсэн. “Хууль зөрчсөн томилгоо бүхний ард ашиг, сонирхол байгаа, эсэхийг шалгадаг тогтолцоог хамтран бүрдүүлцгээе, шударга байдлын үнэлгээ, судалгаанд тулгуурлан авлигын эрсдэл бүхий байгууллагуудад нэгдмэл, цогц, цахим шалгалтыг хамтарч хийцгээе, төрийн албан тушаалтан, төрийн албан хаагчийн ёс зүй, зан үйлийн стандартыг шинээр гаргаж, шударга ёсны соёлыг хэвшүүлье гэлээ. Албан тушаалтан томилох буруутай шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажилд хамтран ажиллая, төрийн захиргааны болон төсвийн шууд захирагчийн албан тушаалд зөвхөн сонгон шалгаруулалтын босго давсан хүнийг томилох, иргэний урьдчилсан мэдүүлгийг хянах, нэгдсэн зохицуулалттай болцгооё” ч гэсэн юм.
Төрийн албаны үйл ажиллагааны ил тод байдал нэн тулгамдаж буй аж. Шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үндсэн арга зам гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны өгөгдөлд суурилсан хүний нөөцийн нэгдсэн удирдлагын цахим системийг хөгжүүлж, Сангийн яамны цалингийн нэгдсэн системтэй холбожээ. Ингэснээр орон тоо, цалингийн давхардал, томилгооны зөрчлийг илрүүлэх, төрийн албан хаагчийн бүртгэл, хөдөлгөөний мэдээллийг үнэн зөв, шуурхай хийх, төрийн байгууллагуудын орон тоонд хяналт тавих эдийн засгийн механизм бүрджээ. Шаардлагатай бол хууль бус томилгоотой, ашиг, сонирхлын зөрчилтэй хүмүүсийн цалинг хаах хүртэлх эдийн засгийн механизм бүрдүүлсэн нь энэ. Үүнийг төрийн байгууллагууд хамтдаа ашиглаж, хэрэглэж болох аж.
ХЗДХЯ-наас төрийн албаны сонгон шалгаруулалтыг бүртгэх, дүгнэх зэрэг шалгалтын бүхий л үйл явцыг бүрэн цахимжуулж байгаа тухай танилцуулсан байна билээ. Сонгон шалгаруулалтыг хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөлөлгүй, олон нийт, мэргэжлийн байгууллагуудын хяналт доор ил тод, нээлттэй, шударгаар явуулдаг болох нь. Тэгэхээр иргэн төрийн албаны шалгалтад амжилт үзүүлэх, эсэх нь шалгуулагчаас өөрөөс нь шалтгаална гэсэн үг. Цаашид бол хиймэл оюун ухаанд суурилсан шалгалтын хэлбэрийг нэвтрүүлэх юм байна. Тэгснээр чадвартай нь, магадлалтай нь тэнцдэг болно. Өндөр хөгжилтэй орнуудын төрийн албаны хүнд суртлын хүлээс болсон дүрэм, журмыг цөөрүүлж, иргэддээ ээлтэй байдлыг бий болгосон туршлагыг манай улсын Төрийн албаны зөвлөл нэвтрүүлэх тухай ярьж байна. Тухайлбал, Сингапур улсад гэхэд төрийн бүхий л байгууллага хамтран авлигатай тэмцсэнээр амжилтад хүрсэн юм байна. Монголд ч гэсэн авлигыг ийм замаар устгаж байж үр дүнд хүрнэ хэмээн үзэж буй тул төрийн байгууллагууд харилцан уялдаатай хамтын ажиллагааны хүчээр авлигыг ч устгаж, төрийн албыг ч бэхжүүлнэ хэмээн үзэж байна.
Төрийн албаны зөвлөл цар тахал ч бай, аливаа тулгамдсан нөхцөл байдлыг далимдуулан төрийн албанд, тэр дундаа төсөв захиран зарцуулах эрх мэдэл бүхий орон тоонд хуулийн шаардлага хангахгүй иргэдийг хээвнэг томилж, энэ албаны хүчийг сулруулах боломжийг цаашид хэнд ч үл олгох буй за. Ажил, мэргэжилдээ шалгарсан, оюуны өндөр чадвартай, төрд чин үнэнчээр зүтгэх сэтгэлтэй, төр түмний эрх ашгийг хувийнхаасаа өмнө эрэмбэлж чадах, шударга, зарчимч, хариуцлагатай иргэнийг шалгаруулж мэргэжлийнх нь салбарт ажиллуулах, тасралтгүй сургаж хөгжүүлэх, мэргэшиж чадсаныг нь тогтвортой ажиллуулах, тэднийхээ нийгмийн баталгааг нь хангаж байх нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үүрэг. Харин ажил хийдэггүй, сэтгэл зүтгэлгүй, зарчмаа умартаж авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасантай нь үл эвлэрэх замаар төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэг.
Төрийн албаны сул орон тоо бүрийг хариуцлагатай эзэнтэй болгоё. Мэдээллийг дээрх үндэсний чуулганд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн тавьсан илтгэл болон тус зөвлөлөөс орон нутагт хийсэн шалгалтын материалд үндэслэн бэлтгэлээ.