Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг тус улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллад итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Италийн Ерөнхийлөгч С.Маттарелла итгэмжлэх жуух бичгийг хүлээн аваад, Элчин сайд Ц.Нарантунгалагтай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. “Итали улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг” хэмээн элчин сайд онцолсон. Мөн хоёр орны улс төрийн харилцаа өргөжиж буйг дурдан, худалдаа, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.
Ерөнхийлөгч С.Маттарелла Монгол, Италийн харилцааг өргөжүүлэх, ялангуяа эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагааны өргөн боломж байгааг онцоллоо. Түүнчлэн энэ оны зургадугаар сард зохион байгуулсан Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгоход Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам, холбогдох бусад төрийн байгууллага дэмжлэг үзүүлэх болно гэв.
Бэлтгэсэн У.Наран