Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулган (АНДОПЧ)-ы 29 дүгээр уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтыг “Ковид-19” цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Үүнд нийт 23 улсын парламентын төлөөлөл оролцож байгаагаас зургаан улсын парламентын дарга, дэд дарга хоёр, парламентын 113 гишүүн оролцож байна. 29 дүгээр уулзалтын нээлтэд УИХ-ыг төлөөлж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, гишүүн Д.Өнөрболор нар оролцлоо. “Худалдаа, эдийн засгийн асуудлууд” сэдвийн дор өрнөсөн хуралдаанд гишүүн Д.Өнөрболор илтгэл тавив. Тэрбээр цар тахлын улмаас үүссэн хямрал нь ялангуяа хөгжиж байгаа орнуудад эрүүл мэнд, ажил эрхлэлт, боловсрол, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн харилцаа, итгэлцэл гээд бүхий л салбарт нөлөөлж буйг онцолсон. Монгол Улсын хувьд ч багагүй хүндрэл, бэрхшээл тулгараад байгаа талаар хэллээ. Тэрбээр “Ковид-19”-ийн цар тахлын дараа тогтвортой сэргэлт бий болгохын тулд улс орнууд хүчээ нэгтгэн, дижитал эдийн засгийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Эдийн засаг, худалдааны тогтвортой, хүртээмжтэй сэргэлт бий болгохын тулд мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангаж, парламентууд хамтрах хэрэгтэй” хэмээв. Мөн бүс нутгийн хэмжээнд хөгжиж байгаа орнуудыг дэмжих, цар тахлын дараах эдийн засаг, худалдааны шинэ дэглэм, хууль, эрх зүйн найдвартай орчин бүрдүүлж бий болгохын төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг уриаллаа.
Уг уулзалтын хүрээнд улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх салбар хуралдаан зохион байгуулж, тогтоол, хамтарсан мэдэгдэл батлав. Ташрамд тэмдэглэхэд, АНДОПЧ нь тус бүсийн орнуудын хууль тогтоох байгууллагаар дамжуулан улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх үндсэн зорилготой. Манай улс 1994 онд Филиппин улсын Манила хотод болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын II чуулганд анх төлөөллөө оролцуулж, албан ёсоор элсэж байжээ. 2011 онд 19 дүгээр хуралдааныг Монголд зохион байгуулахад 24 орны парламентын 215 гишүүн оролцсон түүхтэй.
Бэлтгэсэн У.Наран