УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг төслийг С.Бямбацогт нарын 15 гишүүн өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг нь сар гаруйн өмнө хийсэн билээ. Эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн хүрээнд зарчмын зөрүүтэй томьёоллуудыг бэлтгэснийг тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан.
Төсөлтэй холбогдуулан гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар нар байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, гишүүн Г.Занданшатар “Мөрдөн шалгах нээлттэй сонсгол явуулах нь Үндсэн хуульд нийцэхгүй гэх шалтгаанаар журмаас нь хассан. Тиймээс нээлттэй сонсголыг зөвхөн мэдээлэл цуглуулах зорилгод тулгуурлан хийж байна. Шүүлтүүрийн хэлбэр болж буйгаас биш, хүмүүсийн болгоомжлоод байгаа шиг шийдвэр гаргахгүй байгаа. Нээлттэй сонсголын үр дүнд тулгуурлаж, гишүүд дэмжих, эсэхээ шийддэг. Өмнө нь ёс суртахуун, хэрэг зөрчлийн талаар болон ер нь шаардлагатай бүх мэдээллийг авалгүй, харанхуйгаар дэмждэг байсан. Нээлттэй сонсгол нь хүмүүсийн мэдэх эрхийг хангадаг. Өмнө нь УИХ-ын дарга аль нэг албан тушаалд хэн нэгнийг нэр дэвшүүлсэн бол заавал томилогддог байсан” гэсэн бол гишүүн Д.Тогтохсүрэн “Нийтийн сонсголын үеэр алдаа, дутагдлыг талаар маш их ярьдаг. Бүр тухайн нэр дэвшигч гэмт хэрэгт холбогдож байсан, эсэх талаар хөндөгддөг ч үр дүн гардаггүй. Зүгээр л яриад өнгөрдөг. Ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон хүн гэж ярьж ярьчихаад дэмждэг. Гэтэл гэмгүй хүний нэр төрд халдаж, хүний царай харахааргүй болтол нь шүүмжилчихээд дэмждэггүй. Зохион байгуулалттайгаар хэсэг бүлэг хүн нэгнийгээ гөвөх нь бий” хэмээж байлаа. Мөн гишүүн Ц.Мөнх-Оргил “Эцсийн томилгоог УИХ хийх учраас шийдвэр гаргаж байгаа байгууллага нь сонсгол хийх нь зөв. Нэрийг нь дэвшүүлж байгаа хүн тухайн хүмүүсээ судалж, хамгийн боломжтойг нь УИХ-д оруулж ирэх нь мэдээж. Тэр хүн УИХ-ын босгыг давах, эсэх нь сонсголоор шийдэгдэх ёстой. Тухайн нэр дэвшигчийн талаар янз бүрийн асуудал байдаг бол түүнийг нь сонсох гэж л нээлттэй сонсгол явуулдаг” гэсэн бол гишүүн Б.Энхбаяр “ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт зарлахад нэг ч хүн хүсэлт ирүүлэхгүй байгаа нь юу гэсэн үг вэ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 60 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн шүү дээ. Уг нь тус албанд нэр дэвших сонирхолтой, шаардлага хангасан олон хүн бий гэж боддог” хэмээгээд үүнд холбогдох байнгын хороо, УИХ-ын түвшинд дүгнэлт хийх ёстойг анхаарууллаа.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс (эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн)-ын гишүүн, АТГ-ын дарга, дэд дарга, ерөнхий аудитор, Монголбанкны ерөнхийлөгч болон тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга (гишүүн), Санхүүгийн зоицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн талаар сонсгол явуулахаар зохицуулсныг дэмжлээ. Мөн хуульд тусгайлан заасан, эсвэл УИХ-ын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол холбогдох байнгын хороо албан тушаалтныг томилох, зөвшилцөх, танилцах сонсгол зохион байгуулахаар заасан нь олонхын санал авав. Түүнчлэн Үндсэн хуулийн 28.2-т заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал цөөнхийн төлөөллийг оролцуулан УИХ-ын тогтоолоор уг хороог заавал байгуулахаар тусгажээ. Үүнтэй уялдуулан ажлын хэсгээс түр хороог 5-19 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байх, УИХ-ын гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж болохоор санал боловсруулсныг дэмжлээ. Мөн түр хорооны гишүүн гэрчээр дуудах, шинжээч томилох, нотлох баримт гаргуулах тухай тогтоолын төсөл санаачилсан бол тухайн асуудлыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх санал оруулсныг хүлээн авсан. Ингэхдээ санал хураалтаар цөөнх болсон гишүүн тухайн асуудлаар үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж, гурав хүртэл удаа санал хураалгаж болохоор өөрчлөн найрууллаа. Хуралдааны төгсгөлд Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг батлав. Үүгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон Д.Зүмбэрэллхамын оронд Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах юм. Комиссыг Төрийн байгуулалтын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуулаар ахлуулан, долоон гишүүнтэйгээр байгууллаа.