УИХ-ын Нийгмийн бодлогын болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, “Ковид-19”-ийн омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаарх Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээллийг сонслоо.
“Ковид-19”-ийн омикрон хувилбар клиникийн шинж чанарын хувьд хөнгөн гэдэг дүгнэлтийг хийхэд эрт байгааг ДЭМБ-ын зүгээс анхааруулж, дараагийн шатны вакцин гаргах шаардлагатайг онцолсон гэж сайд хэллээ. Британи улс омикроны давлагаанд хамгийн их өртсөн орны тоонд орсон бөгөөд 4700 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа ч бодит тоог 20 мянгад хүрсэн гэж тооцож буй аж. Нийт шинжилгээний 40 хувьд нь омикрон хувилбар илэрч байгаа учир тус улс онцгой байдал зарлан, өдөрт нэг сая хүнийг бүүстэр тунд хамруулж эхэлжээ. “Пфайзер” компани вакцины хоёр тун хийлгээд нэг сар, гурван тун хийлгээд нэг сар болсон хүмүүст омикрон хэлбэрийн халдвар эсэргүүцэх байдалд шинжилгээ хийхэд бүүстэр тунтай хүмүүсийн эсрэг биеийн түвшин өндөр байгаа нь тогтоогджээ. 1-2 сарын дараа омикроны давлагаа бүх улсад үүсэх нь тодорхой болоод байгааг сайд дурдаад, шинэ жилийн үеэр омикрон орж ирвэл нэг зэрэг олон хүнд халдварлах эрсдэлтэй ч манай хүн амын 80 хувь нь бүүстэр тунг хийлгэснээр давуу тал бий болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Омикроны халдварлах чадвар эрс өссөн бөгөөд 10 иргэнээс 44 хүнд халдвар тараах эрсдэлтэй аж. Тэгвэл дельта хувилбарынх 10 иргэнд найман хүнд тарааж байгаа гэнэ.
Дараа нь омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсов. “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс омикроноор дахин халдварлах эрсдэлтэй байгааг ӨАБНУ-ын судлаачид тогтоожээ. Улмаар халдвар авсны дараа “Пфайзер” вакцинд хамрагдсан иргэдийн омикроны эсрэг сийвэн дэх эсрэг биеийн түвшин өндөр байсан гэсэн мэдээллийг гаргасан байна. Омикроны халдвараас “Пфайзер” вакцины бүүстер тун 90 хувь хамгаалж байгааг Израйлын Эрүүл мэндийн сайд мөн мэдээлснийг онцлов. Омикроны халдварлах чадвар нэмэгдсэн, одоогоор шинж тэмдэг хөнгөн байгаа ч өвчлөл, хүндрэл нэмэгдэх эрсдэлтэйгээс гадна вакцины үр нөлөөг бууруулж байгааг олон улсын эрдэмтэд тогтоогоод буйг тэрбээр уламжилсан. Хуралдааны үеэр гишүүд гурав дахь тунг хийлгэснээс хойш омикроны вакцин хийлгэх шаардлага үүсэх, эсэх болон халдварлах нууц хугацаа ямар байгааг тодруулсан. Зарим орны эрдэмтдийн баг вакцины дөрөв дэх тунг хийх талаар хөндөж байгаа ч бүүстэр тун тархалтыг бууруулахад өндөр хувиар нөлөөлж буй нь тодорхой болсныг тэрбээр тодотгосон. Улмаар бүүстер тунд хамрагдсан хүний халдвар эсэргүүцэх чадвар сайнаас гадна омикрон хувилбараар халдварласан ч илрэх шинж тэмдэг, өвчлөл нь хөнгөн учир олон улс үүнд илүүтэй анхаарал хандуулж байгааг ажлын хэсгийн гишүүд онцолсон. Омикрон хувилбарын хувьд эмнэл зүйн нууц үеийн хугацаа 2.5 хоног бөгөөд гол шинж тэмдэг нь томуутай төстэй аж. Хамраас нус гоожих, ханиалгах, ядрах шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өгчээ.
Бэлтгэсэн У.Наран