Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтцийг цомхон, чадварлаг болгож, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ажлын албаны болон Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоолыг өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг 35, дүүргийнх 8-21, аймгийнх 8-12, сумынх 3-4 байх нь. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан 34-46 хүртэл байхаар баталсан байна. Улмаар аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийж, хэлтэс, тасаг, агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгав.
Бүх шатны ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох ажил нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийж буй юм байна. Уг тогтоолын төслийг боловсруулахдаа Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал болон Чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар стандартыг баримталжээ.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл өгсөн бөгөөд дээрх хязгаарыг тогтоосноор орон тоо 162-оор багасах юм байна.
2022 ОНЫ ЭХНЭЭС ТӨРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ БАГАСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт, шалгалтыг ирэх оны эхний өдрөөс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүйг нь цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийх хяналт, шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, цахим хэлбэрт шилжүүлэхийг даалгасан байна. Гэхдээ улс, орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хийх хяналт, шалгалтыг хэвээр үргэлжлүүлэх аж.
Төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагад хяналт, шалгалтыг бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгож, зөвлөн тусалдаг, алдааг нь анхааруулдаг байх нь зүйтэй хэмээв.
Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл өгсөн бөгөөд “Шалгалтыг цөөлөх бодлого баримталснаар төр хяналтаа сулруулна гэж ойлгох нь өрөөсгөл. Нүүр тулж, биечлэн уулзахаас илүү цахимд суурилсан буюу зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл хийнэ. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарын үйл ажиллагаанд аудит хийж, хяналт, шалгалтыг хэвээр үргэлжлүүлэх нь төрийн бүтэц болон төрийн өмчит компаниудад хийх шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг. Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, бүтцэд нь хамаарч байна. Орон тооны бүтцийн шинэчлэлийг дунд, дээд шатнаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг сайн бүтэцтэй, нийгэм, эдийн засгийн үр өгөөж өндөр байх, оновчтой засаглалтай болгоно” хэмээн тодотгов.
Мөн ирэх оны эхнээс төрийн үйлчилгээний 50 мянга гаруй албан хаагчийг цомхотгоно гэсэн мэдээллийг тэрбээр үгүйсгэж, “Засгийн газар энэ ажлыг дунд, урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэгээд ч үүнийг шууд хийх боломжгүй. Олон талын судалгаа хийх шаардлагатай” хэмээлээ.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭХИЙГ САЙДАД НЬ ДААЛГАЖЭЭ
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгав. Үүний талаар тэрбээр “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А28 дугаар тоот тушаалаар баталж, өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Одоогоос арван жилийн өмнө 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд геологи, хайгуулын 300 гаруй тэрбум төгрөгийн ажил хийж байсан. Өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн ажил хийж байгаа нь хангалтгүй юм. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн зургаан жилийн хугацаанд сард зургаа, долоо орчим тусгай зөвшөөрөл олгож байгаа. Энэ бол дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дампуурах нөхцөл байдал руу ойртож байна гэсэн үг. Урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Дараагийн уул уурхайн үйлдвэрүүдийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Хайгуулын ажлыг эрчимжүүлснээр дараагийн Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн ордыг нээж илрүүлэн, ашиглалтад оруулах боломж бүрдэнэ. Тиймээс хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шаардлагатай. Анх 8.4 сая га талбайг сонгон шалгаруулалтын зориулалтаар баталсан. Өдгөө дөрвөн сая га хүрэхгүй талбай үлдлээ. Өнөөдөр баталсан тогтоолыг хэрэгжүүлснээр сонгон шалгаруулалтын талбайг сонгох үндэслэл, аргачлалыг тодорхой болгох, оны нэгдүгээр улиралд багтаан зарлагдсан талбайг эзэнтэй болгох, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх зэрэг үр ашигтай” гэв.
Бэлтгэсэн Б.Уран