Алдыг нь аваад дэлэм дээр гэгчээр шүүхийн шинэчлэлийн үйл явцын томоохон хэсэг болох Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинээр байгуулах үйл ажиллагаа Д.Зүмбэрэллхамыг даргаар нь сонгосноор улам их эргэлзээ төрүүлээд эхэлчихлээ. Үнэндээ сонгон шалгаруулалтын ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс түүнийг сүүлийн зургаан хүний дунд шигшин үлдээж, томилох үед хэдийн эргэлзээ, хар үүссэн гэхэд болно.
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу шинээр байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, Д.Зүмбэрэллхамыг даргаар сонгосон юм. Уг албан тушаалд түүнээс гадна гишүүн Б.Ундрах, А.Насандэлгэр, Н.Баасанжав нар нэр дэвшин, өрсөлджээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар, олонхын саналаар, нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох ёстой.
Нэр дэвшигчдийн санал хоёр удаа тэнцсэний эцэст Д.Зүмбэрэллхам олонхын санал авчээ. Шүүхийн ерөнхий зөвлөлд зүтгүүлж, зүтгүүлж оруулж ирснийг нь мэдсээр байж бусад нь түүнийг даргаараа сонгочихлоо. Үнэндээ дараа нь тэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс шийдвэр гаргахдаа шударга байж чадах уу, чигч ажиллах уу гэдэгт бүгдэд нь эргэлзэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй. Тав нь шүүгч, тав нь шүүгч бус. Шүүгч бус таван гишүүнийг УИХ сонгон шалгаруулж, томилсон бөгөөд тэдний нэг нь Д.Зүмбэрэллхам. Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх ёстой. Үүний дагуу өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс энэ тухай зарыг өдөр тутмын сонин, телевиз зэргээр олны хүртээл болгожээ. Ингэхдээ нэр дэвшигч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй иргэн байх шаардлага тавьсан юм. Үүнийг Д.Зүмбэрэллхам хангаагүй.
Тэрбээр 2006-2009 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм. Тухайн үед үйлчилж байсан буюу 2002 оны Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл 14 гишүүний бүрэлдэхүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байв. Энэ үед Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилж, бүрэлдэхүүнд нь УИХ, Ерөнхийлөгчөөс томилсон тус бүр нэг хүн, Засгийн газрын хууль зүйн асуудал эрхэлсэн гишүүн, Улсын ерөнхий прокурор, Шүүгчдийн зөвлөлөөс сонгож, Дээд шүүх, аймаг, анхан шатны шүүхээс тус бүр хоёр, нийслэлийн шүүхийн нэг шүүгч багтаж байсан юм. Д.Зүмбэрэллхам нь тухайн үед Ерөнхийлөгч Н.Энхбаярын хуулийн бодлогын зөвлөх байсан бөгөөд Төрийн тэргүүнээс томилолт авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажилласан гэсэн үг. Гэхдээ тэр энэ тухайгаа намтартаа огтхон ч дурдаагүй бөгөөд гагцхүү “2006-2009 онд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан” гэж л бичжээ. “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй иргэн байна” гэсэн шаардлага тавьсаар байтал нэрээ дэвшүүлсэн энэ хүний хувьд намтраа их, бага хэмжээгээр нууж, далдлах нь гайхах зүйл биш ч байж мэдэх юм. Тэрбээр энэ тухайгаа “Би бол албан тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байсан. Хувь хүний тухайд гишүүн нь байгаагүй. Журамд байгаа хэм хэмжээг хуульчид яаж ойлгохоос шалтгаалах байх. Журам нь хуульдаа нийцэж, хоорондоо зөрөхгүй байгаа юм байна гэж ойлгосон. Өмнөх хуулиудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нэг удаа ажиллана гэдэг заалт байгаагүй. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байсан нь одоогийнхтой холбоогүй орон тооны бус юм байна гэж бодсоны үндсэн дээр өрсөлдөж болох юм байна гээд хүсэлтээ гаргасан” гэх тайлбарыг томилгооны сонсгол болон байнгынхорооны хуралдааны үеэр өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх байсан учраас л тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсоноос бус, Д.Зүмбэрэллхам гэдэг хүний хувьд тэр албан тушаалд очъё гэж очоогүй гэсэн муйхар тайлбар юм уу даа. Шүүгчдийг шилж, сонгох зөвлөлийн гишүүн, тус байгууллагыг удирдах гэж байгаа хүн ийм тайлбар хэлээд сууж байгаа нь ямар вэ дээ.
Гэтэл дээрх шаардлагын дагуу нэрээ дэвшүүлээгүй бол. Энэ нь Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон явдал, түүнийг сонгон шалгаруулсан үйл явц анхнаасаа тэгш байх зарчмыг хангаагүй, хуудуутай болсон гэх эргэлзээ төрүүлэх бас нэг үндэслэл юм. Өчигдөр гэхэд л Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Н.Лүндэндорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөөсөө л тэр УИХ-аас баталсан журам нь анхнаасаа Үндсэн хуульд нийцээгүй, залуучуудын хэлдгээр их тэнэг юм байсан. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байсан хүн яагаад орж болдоггүй билээ. Тэд яасан хүмүүс юм. Эрхээ хасуулах ямар гэмтэй юм. Би тийм журам гарсныг дуулаад, нэртэйгээр нь Н.Лүндэндоржийг оруулахгүй гээд биччихгүй яасан юм бол гээд инээд хүрч суусан” хэмээсэн байна лээ. Энэ мэт гомдол, шүүмжлэл эхнийх, бас сүүлчийнх биш байх вий. Ингэснээр шүүх эрх мэдэлд итгэж, шударга ёсыг эрэлхийлж, одоо л өөрчлөгдөж, шинэчлэгдэх байх хэмээн горьдож буй хүмүүсийн найдлагыг үгүй хийгээд эхэлчихлээ.
Хамгийн гол нь баталсан журмаа баримтлаагүй УИХ, Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийнхэн шүүхийн шинэчлэлийг үгүй хийлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт ахлагчтай ажлын хэсгийнхэн 24 хүнээс сонгон шалгаруулж, зургааг нь байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Тэдний дунд Д.Зүмбэрэллхамыг багтаасан гэсэн үг. Шүүгч бус таван гишүүнийг томилох атал зургаан хүн үлдээсэн. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 11 гишүүнээс Н.Отгончимэг ес, Д.Эрдэнэчимэг найм, Н.Баасанжав, Р.Онончимэг нар тус бүр долоо, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нар зургаа, зургаан оноо авснаар тэднийг дараагийн шатанд үлдээсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, тав, зургадугаар байр эзэлсэн хоёр нэр дэвшигч ижил оноо авсан учраас хамтад нь “тэнцүүлсэн” хэрэг. Ингээд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тэднийг дэмжих, эсэх талаар санал хураахад Д.Зүмбэрэллхам хамгийн бага буюу 15 гишүүнээс есийнх нь дэмжлэгийг хү лээсэн тул нэгдсэн хуралдаанд нэрийг нь оруулалгүй үлдээсэн юм. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох, эсэхийг хэлэлцэн, санал хураахад Д.Эрдэнэчимэг олонхын дэмжлэг авч чадаагүй. Ингэснээр дараагийн хүн болон Д.Зүмбэрэллхамыг томилох, эсэхийг дахин хэлэлцэж, дэмжсэнээр тэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болсон.
Түүнийг томилох, эсэх талаар Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь урьд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй гээд хууль зүйн шаардлага тавьчихсаныг хөндөж, сануулах гишүүн цөөнгүй байсан. Тухайлбал, гишүүн Б.Энхбаяр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэдэг шаардлага тавьж байгаад УИХ сонгон шалгаруулалтаа хийчихсэн. Үүнд сүүлийн 20, 30 жилд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүс энэ заалтын дагуу нэрээ дэвшүүлээгүй. Тэгэхээр бид нар нөгөө “дабль стандарт”-аа бий болгочихож байгаа юм биш үү. Зарим хүнд нь энэ шаардлагыг хэлээд, чи нэр дэвшвэл журам зөрчигдөнө гээд хүлээж авахгүй. Зарим нэгийг нь сугалж аваад, чи бол тусгай хүн учраас одоо болно гэх маягаар хууль, журмаа зөрчөөд, хэлэлцэж болж байна уу, үгүй юү” хэмээн анхааруулж, хэлэлцэхгүй байх, эсвэл хойшлуулах санал гаргасан юм. Гэсэн ч энэ нь дэмжигдээгүй төдийгүй УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн хуулийн шаардлага байхгүй. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн зургадугаар тогтоолоор баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасан дээрх зохицуулалт бол одоо сонгогдсон гишүүд нь дахин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахгүй байхыг томьёолсон агуулгатай гэж ажлын хэсэг үзээд Д.Зүмбэрэллхамын нэрийг дэвшүүлэх нь хууль зүйн зөрчил гарахгүй гэж шийдсэн. Үүнийг одоо хэлэлцсэн ч, хэлэлцээгүй ч асуудал гарахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг бид яриад, санал хураачихсан. Үйл явц эхэлчихсэн, үргэлжилчихсэн, дуусчихсан” хэмээн тайлбар хэлээд сууж байв.
Хэдийгээр энд ганц Д.Зүмбэрэллхам гэж хүний талаар хөндөж буй ч бүрэн утгаараа түүнийг сонгож, томилуулсан үйл явц нь бусад гишүүнийг ч шударга сонгосон, эсэх талаарх эргэлзээ, харыг өөрийн эрхгүй дагуулж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нь үгүй хийж байна. Улмаар хараат бус шүүх, бие даасан шүүгч ажиллах, шударга ёс бэхжих орон зайг хумиж орхилоо. “Мордохын хазгай” гэдэг шиг шаардлага хангаагүй хүнийг хүлээн авч, “шигшээ” зургаад авч үлдсэн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт даргатай ажлын хэсгийнхэнд их “но” байна. Түүнийг томилгооны сонсгол, байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, олонхоороо хэлэлцэн баталсан хууль тогтоогчид, төрийн эрх байгууллага нь өнгөн дээрээ шударга ёс, шүүхийн шинэчлэл гэж орилолдох ч бодит байдал дээр тэс өөр зарчим баримталж, тангаргаасаа няцлаа.