“Хүний эрхийн үндэсний форум-2021” өнгөрсөн баасан гарагт буюу Олон улсын хүний эрхийн өдөр боллоо. Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатайгаар зохион байгуулсан уг форумаар иргэний, улс төрийн болон эдийн засаг, нийгмийн эрх, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн дөрвөн сэдвийг хэлэлцэв.
Форумыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн биш, хууль засаглах тухай ойлголт бол улс, үндэстнээрээ гагцхүү Үндсэн хууль болон бусад хуульд захирагдан, гажуудал гаргахгүй, чанд сахин мөрдөж ажиллана гэсэн үг. Тиймээс уг форум “Эрх чөлөө-Тэгш байдал-Эв нэгдэл” уриан дор болж байна” гээд гурван зүйлд анхаарал хандуулахыг хүслээ. Нэгдүгээрт, хүний эрхийг хангах бодлого, төлөвлөгөөгөө шинэчлэх шаардлагатайг онцлоод, 2003 онд баталсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг дурдаж, “Ковид-19”-ийн цар тахал дэлхий нийт төдийгүй монголчууд бидэнд олон шинэ асуудлыг тод сануулж, хүний эрхийн ойлголтыг шинэ хандлагаар харах хэрэгтэйг санууллаа” гэв. Хоёрдугаарт, хүний эрх, түүн дотроо иргэний үндсэн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулахыг чухалчилж, “Хүний эрхийн үндэсний комиссын бүрэлдэхүүн өргөжиж, дэргэдээ эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах бүтцийг шинээр байгуулсан. Гэвч ХЭҮК-ын эрх зүйн орчин, материаллаг нөхцөлийг улам сайжруулах шаардлага байсаар л байна. Түүнээс гадна Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг хамгаалах шүүхийн механизмын үр нөлөөг бусад ардчилсан орнуудын жишигт хүргэхийн тулд Үндсэн хуулийн цэцийн хууль, тогтоомжийг шинэчлэх шаардлагатайг судлаачид сануулж буйг анхаарч үзэх учиртай” хэмээлээ. Гуравдугаарт, “Монгол хүний эрх баталгаатай хангагдах шаардлага байсаар буй. 2014 онд эрүү шүүлтийн гэмт хэргийг хараат бусаар шалгаж, тогтоодог тогтолцоог өөрчилснийг НҮБ-ын шинжээчид болон манай судлаачид эрс шүүмжилж, дахин сэргээх шаардлагыг тавьж байгааг судалж үзэх нь чухал. Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хууль, дагалдах дүрэм, журмууд хөрсөн дээрээ нэг мөр хэрэгжихгүй байгааг нийгмийг цочроож буй хүүхдийн эрхийн зөрчлүүд тодорхой харуулж байна. Дутуу дулимаг боловсруулсан хууль тогтоомж, дур зоргоороо авирласан албан тушаалтнаас болж хүний эрх зөрчигдөж хэрхэвч болохгүй. Хүний эрх, эрх чөлөө бол нэг өдөр, нэг жил, нэг Засгийн газрын үйл хэрэг, хөдөлгөөн огт биш. Амьсгалах агаар мэт, хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага гэдгийг байнга санах учиртай” гэлээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтэд “Манай улсад нийгмийн харилцааг зохицуулдаг 318 хуулийн 800 орчим заалт нь хүний эрхийн зөрчилтэй, орчин үеийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байна” хэмээн дурджээ.
“МОНГОЛ БОЛ АЗИ ТИВДЭЭ ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГИЙН ОЛОН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛСАН УЛС ЮМ”
Мөн уг форумыг хамтран зохион байгуулсан Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Аксель Никейз мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өглөө болгон хүний эрх зөрчигдсөн муу мэдээг сонсож байна. Хүний эрх хамгаалагчийг хэлмэгдүүлж, хэрэг үүсгэж хууль бусаар баривчилж байна. Хүний эрхийг зөрчиж байгаа албан тушаалтнуудад Европын Холбоо хориг арга хэмжээ авах болно” хэмээсэн нь анхаарал татсан юм. Тэрбээр “Хүний бүх эрхийг хүндэтгэх нь хямралыг даван туулах чадвартай нийгмийн аюулгүй байдал, урт хугацааны хөгжил, энх тайван байдлын угтвар нөхцөл гэж үздэг. Өнөөдөр ард иргэдийн санааг зовоосон асуудлыг хэлэлцэж байгаа нь эрүүл нийгмийн шинж. Энэ шинж Монголын нийгэмд байна. Монгол бол Ази тивдээ хүний эрхийн хамгийн олон гэрээг соёрхон баталсан улс юм” гэв.
ТҮЛЭНХИЙН ТӨВИЙГ ОНЦЛОВ
“Хүний эрхийн төлөв байдал: Өнгөрсөн, одоо, ирээдүй” хэмээх үндсэн илтгэлийг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулсан. Тухайлбал, тэрбээр “Шударга шүүхээр үйлчлүүлэх эрхийн баталгааг хангах, иргэдэд хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад зохих өөрчлөлт оруулахыг цаг хугацаа, нөхцөл байдал шаардаж байна. Улмаар учруулсан хохирлыг төр хурдан шуурхай төлж, буруутай этгээдээр эргэн төлүүлдэг хуулийн зохицуулалт зайлшгүй үгүйлэгдэж буй. Гэмт хэргийн улмаас учирсан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон сэтгэл санааны хохирлыг бодитоор үнэлэх, тооцох аргачлалыг бий болгох, ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль бус ажиллагааны улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, эрүүдэн шүүгдсэний улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх шаардлагатай. Шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр зарлах, хэргийн материалыг хууль бусаар задруулан, нэр төрд нь халддаг явдлыг таслан зогсоохын зэрэгцээ нууцаар мөрдөн шалгах ажиллагааг журмаар бус, хуулиар зохицуулах ёстой. Хүний халдашгүй эрх чөлөөг хязгаарлахдаа шүүхийн хяналт дор, зөвшөөрлийг нь зөвхөн шүүх өгдөг байх нь оновчтой” хэмээн онцолсон юм. Энэ үеэр Ж.Хунан Түлэнхийн төвийн талаар хөндсөн. Ингэхдээ “Улсдаа ганц гэгдэх Түлэнхийн нөхөн сэргээх, түлэгдлийн эмгэгийн эмнэлгийн барилгыг 2011 онд акталснаас хойш өөрийн байргүй есөн жил, долоон сарын нүүр үзлээ. 1991 онд 140 ортой ажиллаж байсан тасаг өнөөдөр 35 ортойгоор ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэснээр тухайн тасгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, Хүүхдийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлэх иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх хязгаарлагдаж байна. Энэ тохиолдлын хохирогч нь хүүхдүүд байгаа нь харамсалтай. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ямар ч үед хязгаарлагдах ёсгүй” гэж байлаа. Түүнчлэн хүүхдийн тусламжийн утсанд цахим дарамттай холбоотой дуудлага 2016 онд 85 ирсэн бол хоёр жилийн дотор 229 болж өссөнийг тэрбээр дурдав. Хамтарсан багуудын үйл ажиллагаанд зориулан баталсан төсөв хангалтгүйг мөн онцолсон.
“ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ ТӨЛСНӨӨР ХОХИРЛЫГ АРИЛГАСАНД ТООЦОХ НЬ ШУДАРГА БУС”
Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Хүний эрх ба шүүх эрх мэдэл” илтгэлдээ “Эрх, эрх чөлөө, шударга ёс ба хараат бус шүүхийг салангид авч үзэх аргагүй, хоорондоо гүн гүнзгий холбоотой ойлголтууд билээ. Юуны өмнө шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулж, түүний үр өгөөжийг төр, иргэд, аж ахуйн нэгжүүд богино хугацаанд бодитой хүртдэг болбол хүний эрхийн хамгаалалтад чухал нөлөө үзүүлнэ. Шүүн таслах ажиллагааны чанар бол тооцож болох хэмжигдэхүүн бөгөөд түүнийг тодорхойлдог, тооцдог, үнэлдэг болох ёстой. Шүүхийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх бэнчмарк буюу итгэлцүүрийг тооцон гаргаж нэвтрүүлсэн байдаг. Бид шүүн таслах ажиллагааг ийм итгэлцүүрийн тусламжтайгаар үнэлж, дүгнэснээр алдаа, оноогоо дэнсэлж бүтээмж, үр дүнг тооцох боломжтой. Цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой дараачийн алхам бол шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой илэрхийлж, зөвхөн талууд бус, төр, олон нийт, судлаачдын өмнө хамгаалан батлах итгэл үнэмшилтэй байх явдлыг төлөвшүүлэх явдал болоод байна. Хүний эрх, эрх чөлөөг бодитой хамгаалахын тулд хууль тогтоогчийн оролцоотойгоор шүүхийн хийх дараачийн ажил бол хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын шинэчлэлд шүүн таслах ажиллагааны арвин практикаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцан идэвх, манлайлалтай оролцох явдал юм. Юуны өмнө эдийн бус хохирол, бие эрхтэн, амь насны үнэлгээг тогтоох аргачлал, арга зүйг боловсруулж шүүхүүдэд мөрдүүлэх арга хэмжээ авна. Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний оршуулгын зардлыг төлснөөр, эд эрхтнээсээ хагацсан иргэнд протезын үнэ гаргуулснаар хүний амь нас, эд эрхтний нөхөн төлбөр дуусаж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасанд тооцсоор байх нь шударга ёсонд яавч нийцэхгүй” хэмээн онцоллоо.
“ЭРҮҮДЭН ШҮҮЛТ ХАРИУЦСАН ГИШҮҮНИЙГ ХЭҮК-Т ТОМИЛООГҮЙ Л БАЙНА”
Мөн ХЭҮК-ын гишүүдийг томилсноос хойш нэг жил өнгөрч байгаа ч даргыг нь томилоогүйг “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан хөндлөө. Тэрбээр “Хүний эрхийн тулгамдсан асуудал ба иргэний нийгмийн оролцоо” сэдвээр илтгэл тавихдаа хүний эрхийг хамгаалах тогтолцоог хуулийн хүрээнд бий болгосон ч хэрэгжилт нь хангалтгүй, ХЭҮК-т эрүүдэн шүүлт хариуцсан гишүүнийг өнөөг хүртэл томилоогүй байгааг шүүмжилсэн. Мөн ХЭҮК-ын гишүүдийг томилсноос хойш нэг жил өнгөрч байгаа ч даргыг нь томилоогүй байгааг хэллээ. Тэрбээр “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан нь хүний эрхийн үүднээс тун чухал алхам болсон. Гэвч тус хуулийг мөрдөж эхэлснээр нарийвчилсан журам батлагдахгүй удаж байгаа нь иргэд, хууль сахиулагчдын хооронд үл ойлголцол бий болох, албан тушаалтны үзэмжээр шийдвэр гаргах хандлага байгаа нь судалгаагаар батлагдсан. Цар тахал хүний эрхийг зөрчих шалтгаан болох ёсгүй” гэх зэргээр олон салбарт тулгамдсан асуудлыг хөндсөн юм.
Бэлтгэсэн Б.Уран