Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсгийн болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан төсөлд тусгажээ. Тухайлбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулахаар заасан байна. Жишээ нь, хувь хүний нууцыг задруулахдаа харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх санал оруулжээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт тавих гишүүн гараагүй бөгөөд байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар боллоо. АН-ынхан өнөөдөр буюу Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан тайван жагсаал зохион байгуулах нь. АН-ын дарга М.Тулгат, нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу тэргүүтэй хүмүүс өчигдөр энэ талаар мэдээлсэн юм. М.Тулгат тайван цуглаанд хүний эрхийн төлөө ажилладаг олон нийтийн болон төрийн бус байгууллагууд, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж ирсэн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалаад, “Эрх баригч нам өнгөрсөн хугацаанд хүний эрхийн зөрчил, алдаатай шийдвэр олон удаа гаргасан. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхэд халдаж ирлээ. “Ковидын” гэх тодотголтой хуулиар далимдуулж, бизнес эрхлэгчид, иргэдийг хохироож байна. Гэхдээ үүнээсээ сургамж авч, хүний эрхийг хангах чиглэлд онцгойлон анхаарч, тууштай ажиллахаа мэдэгдэж байгааг нь дэвшил гэж харж байгаа. Үнэндээ энэ бол улс төрийн аль нэг хүчний асуудал биш. 1992 оны Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм, хүний эрхийг дээдэлсэн улс орон болохоо тунхаглан зарласны хувьд УИХ-д суудалтай улс төрийн бүх хүчин үүний төлөө ажиллах ёстой” гээд улс төрийн бусад нам, эвсэлтэй хамтран зүтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улс урт хугацааны бодлогын талаар ярих гэж байгаа бол тэр нь манай Үндсэн хууль байх ёстой. Гэнэт нойрноосоо сэрсэн юм шиг одоо л хүний эрхийг хамгаалъя гээд яриад эхэллээ. МАН сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулаад, Монгол Улсын төр болчихсон байгаа биз дээ. Үндсэн хуульд хүний жагсах, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх тухай хэдийн заачихсан. Эрх баригчид одоо үндсэн ажлаа хий л дээ. Монгол Улсад мөрдөгдөж буй хүний эрхийн хангах чиглэлийн бүхий л хуулийн биелэлтийг УИХ, ард түмний өмнө хариуцдаг абан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхий сайд шүү дээ. Яагаад энэ ажлаа хийхгүй байгаа юм бэ. Хүний эрхийг хамгаална гэж лоозон хашхирахын оронд бодитой ажил хийж, хууль зөрчөөд байгаа дарга, хүчний байгууллагынхандаа хариуцлага тооц” хэмээн шаардав. Тэд ирэх долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийнхэнтэй хэд хэдэн сэдвээр хурал, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулаад буй юм байна.
Бэлтгэсэн Б.Уран