Монголд улс төрийн нам, түүний эргэн тойронд хамгийн их мөнгө эргэлддэг. Энэ тухай хүн бүр ярьдаг. Гэхдээ барим тавим нотолж чаддаггүй. Улс төрийн намд хаанаас ямар, ямар санхүүжилт орж байгаа нь тодорхойгүй, авсныгаа, юугаар үйл ажиллагаа явуулаад буйгаа тайлагнаж, ил тод мэдээлдэг, эсэх нь бүр бүрхэг, цаашлаад ил гаргасан мэдээлэл нь үнэн, зөв, эсэх нь туйлын эргэлзээтэй учраас тэр. УИХ-ын дарга Г.Занданшатар “Улс төрийн намын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, бодит нөхцөл байдал нь авлигын шалтгаан нөхцөл дотор ихээхэн жин дарж байгаа нь гадаад, дотоодын судалгаануудын үр дүнгээр нотлогдож байгаа” хэмээн уржигдар болсон, авлигын эсрэг үндэсний чуулганы үеэр хэлсэн үгэндээ онцлов.
Нам нь хоёр сонгууль дараалан үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй парламентын дарга, сүүлийн 30 жилийн дийлэнхэд нь эрх барьж буй хүчний нөлөө бүхий төлөөлөл ийн хэлж, хүлээн зөвшөөрсөнд нь талархмаар ч юм шиг.
Нөгөө талаас улс төрийн намуудын төсөв, санхүүжилт нийтэд ил байх зарчимд суурилсан хуулийн төсөл боловсруулж, батлуулна гэдгийг хууль тогтоогчид ойр ойрхон ярих болсон. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахлан, төслийг нь боловсруулж, иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж буй хэмээн сурталчилж яваа. Иймд сүүлийн хэд хэдэн парламент дамжин ярьж, нэг бус хуулийн төсөл ноороглосон атал бодит өөрчлөлт, ахиц дэвшил гэхээр зүйл юу ч үгүй улс төрийн нам, түүний санхүүжилтийн эрх зүйн орчин шинэчлэгдэн, сайжрах болов уу гэсэн горьдлого төрөх ч шиг. Гэвч Улс төрийн намын болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг энэ оны есдүгээр сард бэлэн болгож, өргөн барь гэж халуун зунаар өгсөн УИХ-ын даалгаврыг өнөө хэр биелүүлээгүй л байна.
Ажлын хэсгийн ахлагчийн хэлснээр Улс төрийн намын тухай хуулийн 60 орчим хувь буюу талаас илүүд нь санхүүжилттэй холбоотой харилцаа, зохицуулалтыг тусган, хуульчлахаар ярилцаж буй аж. Уг нь улс төрийн нам, түүний санхүүжилтийг тус тусад нь хуулиар зохицуулах нь зүйтэй гэлцэж байсан ч ийнхүү хамтатган, Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх бололтой.
Хэдийгээр намуудын санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй ч улсын төсвөөс аль нам, хэдэн төгрөг шууд авч байгаа нь маш ойлгомжтой. Хоёр хэлбэрээр олгодог эл санхүүжилтийг бид “суудлын мөнгө” гэдгээр нь илүүтэй мэднэ. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай болсон намд л олддог мөнгө гэсэн үг. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд баталснаас хойш буюу 2008, 2012, 2016, 2020 оны ээлжит сонгуулиар парламентад суудалтай болсон намууд төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт аваад байгаа гэж ойлгож болно. Нэгдүгээрт, тэдний сонгуулиар авсан санал тус бүрийг 1000 төгрөгөөр үнэлж, нэг удаа олгодог. Жишээ нь, МАН 2012 оны сонгуулийн дараа 353.9, 2016 онд 635.7, 2020 онд 666.9 сая төгрөг төсвөөс авсан. Хоёрдугаарт, УИХ-д авсан суудлынх нь тоогоор нь буюу гишүүн тус бүрт жил бүр 10 сая төгрөгөөр тооцож, намд нь мөн л төсвөөс мөнгө өгдөг. Тухайлбал, сүүлийн хоёр сонгууль дараалан үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН 2016 оноос хойш дөрвөн тэрбум орчим төгрөг татвар төлөгчдийн мөнгөнөөс авчээ. Энэ жил ирэх оны төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн бүрт санал болгосон дөрвөн тэрбум төгрөгийн “авлига”-тай харьцуулбал бага мэт санагдаж байж магадгүй. Гэхдээ жил бүр “суудлын мөнгө” гэж 760 сая төгрөгийг намуудад хуваарилсныг тооцвол сүүлийн 14 жилд 11 тэрбум төгрөгийг төсвөөс тэдэнд зориулсан гэсэн үг. Үүнийг өмнө дурдсан саналын тоогоор өгдөг мөнгөтэй нийлүүлээд тооцоод үзээрэй.
Тэгвэл одоо боловсруулж буй төслөөр бол УИХ-ын сонгуулиар суудал аваагүй ч, нийт сонгогчийн нэг хувиас доошгүй санал авсан намд улсын төсвөөс хүчинтэй санал тутамд тодорхой дүнгээр тооцож, мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ. Өнгөрсөн сонгуулийн нийт сонгогчоор (УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2.4 сая орчим хүний нэр бичигдсэн) тооцвол нэг хувь гэдэг нь ойролцоогоор 24 мянган хүний санал авсан намд төсвөөс санхүүжилт өгөх нь. 2020 оны сонгуулиар улс төрийн таван нам нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал цуглуулсан байгаа юм. Сонгогчдоос тодорхой хэмжээнд дэмжлэг авсан намуудад төсвөөс санхүүжилт олгосноор тэдэнд гарааны тэгш нөхцөл олгож, цэвэр өрсөлдөөнийг дэмжин, улс төр дэх бохир мөнгө буюу тодорхой цөөн компани, олигархиудын санхүүжилтийн нөлөөнөөс ангижруулах боломж бүрдэнэ гэж төсөл боловсруулагчид үзэж буй.
Ер нь намуудад төрөөс мөнгө өгөх эл хөшүүрэг, санаачилга хүчтэй хэвээр байгаа гэхэд болно. Өмнөх парламентын үед боловсруулсан төсөлд ч энэ мэт заалт байсан юм. Тодруулбал, жил бүрийн улсын төсвийн орлогын 0.04 хувийг намуудыг дэмжихэд зориулахаар тусгасан байв. Ингэхдээ үүнийгээ нийт сонгогчийн нэг хувиас доошгүй санал авсан намд олгоно гэж байсан юм. Мөн тэдний хүчинтэй санал тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.05 хувьтай дүйцэх дүнгээр тооцож, жил бүр төсвөөс санхүүжүүлэхээр ноороглосон байлаа. Үүнээс гадна “бодлогын судалгааны” гэх тодотголтой санхүүжилтийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгохоор ярилцаж байсан түүхтэй. Энэ нь тухайн үед өнөөх л Улс төрийн намын тухай хуулийн дагуу “суудлын мөнгө” авдаг намуудаас хэтрэхгүй, илүү өргөн хүрээнд дэмжлэг болж очихооргүй зохицуулалт гэсэн шүүмжлэл хүлээж байсан юм. Өөрөөр хэлбэл, ийм босго тавьсан тохиолдолд дээр дурдсан санхүүжилтийг хуваах намуудын тоо хасагдана уу гэхээс нэмэгдэхгүйг судлаачид хэлж байв. Мөн тухайн үед буюу 2019 онд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өөрчилсөн бөгөөд үүний 0.05 хувь болох 160 төгрөгийг дээрх босгыг давсан намын авсан хүчинтэй санал тутамд тооцож олгохоор ярьж байсныг сануулъя.
Үндсэндээ “суудлын мөнгө”-ний сунжирсан түүхээс харвал намуудыг төрөөс санхүүжүүлэх үзэл баримтлалаасаа буцахгүй нь харагдаж байна. Нэгэнт тэднийг дэмжих гэж байгаа бол өгсөн шиг өгөөд, хянасан шиг хянах ёстой. Одоо “суудлын мөнгө”-ийг сул асгаж байгаа муу жишгийг давтаж болохгүй. Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэгийн хэлснээр тухайн намд олгосон санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүд, ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгийн улс төрийн тэгш оролцоог нэмэгдүүлэхэд зарцуулахаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж буй аж. Ингээд батлагдчихвал биелүүлж, хэрэгжүүлэх хөшүүргийг нь сайтар оруулах ёстой. Учир нь одоогийн хуульд ч энэ талаарх заалт огт байхгүй биш. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйл буюу “Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг”-т сонгогчдын санал болон парламентын суудалд нь зориулан төсвөөс намд олгож буй хоёр төрлийн санхүүжилтийн “50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэх заалт бий. Хэдийгээр бүрхэг, чамлалттай гэгддэг ч энэ санхүүжилтийн талыг нь тойрогт зарцуулж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Санхүүгийн тайлан, мэдээнээс хэрхсэнийг нь харах боломжгүй. Иймд хэчнээн сайхан заалт байлаа ч хариуцлага нэхэх, хяналт тавих заалт үгүй бол алт шиг санаа нь амилахгүй ээ.