Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшүүлж, их хурлын 1450 төлөөлөгчийн 99.7 хувь нь дэмжив. Өрсөлдөгчгүй эл сонгуулиас өөр хувилбар үнэндээ үгүй. Түүнийг Ерөнхий сайдаас нь огцруулдаггүй л юм бол Л.Оюун-Эрдэнээс өөр хэн ч МАН-ын дарга болохгүй. Харин тэр сая энэ цагийн эрх баригч намын “жинхэнэ” дарга болж, Засгийн газар, гүйцэтгэх засаглалын тэргүүний гартаа улс төрийн эрх мэдлийг бодитой атгалаа. Өнгөрсөн зургадугаар сард, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа У.Хүрэлсүхийг Төрийн тэргүүний тангараг өргүүлэхийн тулд МАН бага хурлынхаа гишүүдийн гуравны хоёрын саналаар түүнд тамга шилжүүлж, даргаар сонгоод байснаа сая албажуулан, “жинхэлсэн” нь энэ.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод 316, эрх баригч намын тамгыг гартаа аваад 167 өдрийг өнгөрүүлсэн ч ямба эдэлж, ялыг нь үүрэх “он тоолол” өчигдрөөс эхлэв. Өөрөөр хэлбэл, түүний гарт улс төрийн болон захиргааны эрх мэдэл одоо л төвлөрч байна. Үнэндээ нутгийн ахаасаа намын тамгыг хүлээн авснаас хойших хагас жил орчмын хугацаанд түүнд намынхан нь түр орлон гүйцэтгэгч шиг хандсаныг илтгэх нэн ойрын жишээ бол ирэх оны төсвийг УИХ хэлэлцэн батлах үйл явц байв.
Угтаа эрх баригч намын дарга нь боож, зангидаад оруулаад ирсэн төслөө УИХ-аар дэмжүүлэхийн тулд үнэмлэхүй олонх буюу өөрийнхөө намынхантай л ойлголцчиход болох баймаар. Гэвч төсвийн төслийг боловсруулахаас авхуулаад энд, тэнд гишүүдээ цуглуулан уулзаж, ухуулж, аргадаж, “авлигадан” байж, арайхийн батлуулсан. Гишүүдээс тойрогт нь хийх хөрөнгө оруулалтын талаар дөрвөн тэрбум төгрөгийн санал авсан нь төсвөө батлуулах гэсэн Ерөнхий сайдын хувьд авлига юм. Ямар сайндаа л Ерөнхий сайд хангалттай хүчтэй биш байна гэж харсан зарим хууль тогтоогч иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засгийн газрын бүх гишүүн “давхар дээл”-тэй байж гэмээнэ гүйцэтгэх засаглал хараат бусаар ажиллах юм байна гэх агуулгаар яриад эхлэх вэ дээ. Энэ нь тогтолцооны шинжтэй асуудал байж болох ч өнөөгийн Ерөнхий сайдын гарт эрх мэдэл бүрэн төвлөрөөгүй байх үеийн нөхцөл байдалтай ямар нэг байдлаар холбоотой юм. Тэгээд ч Тусгаар тогтнолын ордонд Л.Оюун-Эрдэнийг бус, Д.Амарбаясгаланг гэх хүн олон байж өөд, уруугаа хов зөөж, хор хутгадаг талаар ярьсаар ирлээ шүү дээ.
Эрх мэдлийг ингэж төвлөрүүлэх хүслээ Л.Оюун-Эрдэнэ нуугаагүй. Тэрбээр намайг Ерөнхий сайдаар томилсон юм бол намын даргаар ч сонго гэдгээ У.Хүрэлсүхийг байхад шулуухан хэлчихсэн. З.Энхболд АН-ын дарга байхад Ерөнхий сайдаар ажилласан Ч.Сайханбилэг, М.Энхболд МАН-ыг удирдаж байхад Засгийн газрын тэргүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбатын туулсан замаар явах хүсэлгүйгээ учирласан. Үнэхээр ч намын даргаа Ерөнхий сайдаар томилоогүйгээс болж Засгийн газар тогтвортой ажиллаж чадаагүйг тэдний түүх харуулдаг. Аль аль нь дангаараа Засгийн газраа байгуулахуйц, тэр ч битгий хэл УИХ-д үнэмлэхүй олонх болчихоод гүйцэтгэх засаглалаа нэгэн бүрэн эрхийн хугацаанд гүйцэд, нэг удирдлага дор ажиллуулж чадаагүй түүх МАН-ынх. Намын дарга атлаа Ерөнхий сайд болоогүйн зовлонг нь зах зухаас нь мэдэрсэн З.Энхболд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөх үеэр “Парламентын засаглалтай орнуудын хувьд намын дарга нар намаа тэргүүлэн сонгуульд орж, ялбал шууд Ерөнхий сайд болдог. Энэ жишгийг 1992 оны Үндсэн хуульд тодорхой зааж өгөөгүй учраас гудамжинд явж байсан хэн нэгэн шууд Ерөнхий сайд болсноос олон асуудал үүдсэн. Дэлхий нийтийн жишгийг дагая. Намын хагарал үүнээс л улбаатай” гэж байлаа.
Юутай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо намаа албан ёсоор тэргүүлэх боллоо. Түүний бүрэн эрхийн хугацааны гуравны нэг нь өнгөрсөн. Хүчтэй Ерөнхий сайдын зангаргаар Засгийн газраа тогтвортой ажиллуулж чадах, эсэхийг харах л үлдэв. Эндээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн, үнэ цэн харагдана. Хойшид сонгуулиар ялсан намын дарга нь заавал Ерөнхий сайд байхаар Улс төрийн намын тухай хуульд хуульчлах, эсэхтэй ч хамаатай. Засгийн газрын тэргүүн болчихоод, эрх, үүргээ бүтэн болгоно гэсээр МАН-ын даргаар томилогдсон У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө ийм амлалт тусгасан шүү дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ч “Сонгуулиар олонх болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор хуульчлах нь парламентын засаглалтай улсуудын нийтлэг жишиг, ардчиллыг амилуулах үндсэн зарчим. Ард түмнээс мандат авсан Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж, тогтвортой, хариуцлагатай ажиллах учиртай. Энэ бүхэн цогц өөрчлөлт болсноор ардчилал төгөлдөршиж, тогтвортой засаг, хариуцлагатай төр төлөвшинө” хэмээснийг энд сануулъя.
Даргын хувьд, удирдлагын түвшинд намынхнаа хатуу гараар барих хөшүүрэг болохуйц хариуцлагын заалтуудыг эрх баригчид намын дүрэмдээ оруулан батлав. Тодруулбал, энэ удаагийн их хурлаар МАН-ын дүрэмд нийт 70 гаруй заалт нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байна. Ингэхдээ намаас нэр дэвшсэн, сонгогдсон хүмүүст тавих хариуцлагыг чангатгах, хяналтыг сайжруулах заалтууд оруулж буйг тэд их хурлын туршид онцолсон. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, нэр дэвшүүлэхгүй байх заалт оруулсан аж. Энэ нь төр, засгийн дээд түвшинд, тэр дундаа УИХ-д суучихаад Засгийн газраа дэмжихгүй, өөлөөд байдаг хүмүүсийн өөдөөс барих том “зэвсэг” болж ч мэднэ. Одоогийн парламентад гэхэд л элдвийн хэрэгт холбогдсон гишүүн нэгээр тогтохгүй бий шүү дээ. Түүнчлэн МАН цахим шилжилтийг нэвтрүүлж, гишүүдийнхээ цахим сүлжээг эрхлэн хөтлөх, бүх шатны байгууллагын хурлыг танхим, цахимаар хослуулан явуулах нь. АН-ынхан даргаа сонгох сонгуулиа цахимаар явуулах ёстой, ёсгүй хэмээн талцаж байгаагаас эрх баригчид эрх биш суралцаж байгаа биз ээ. Үүнээс гадна МАН-д элсэх хүсэлтийг цахим хэлбэрээс гадна бичгээр авч болно гэж зааж байгаа аж. Намын бүртгэлд бүртгэгдээгүй, зөвхөн “батлах” бариад явж байгаа бол гишүүнээр тооцохгүй гэх мэт заалт бий гэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар тамгаа гардаж аваад “МАН өнгөрсөн зуунд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулж чадсан шигээ шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнолын зууныг эхлүүлэх, зургаан сэргэлт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж, улс төрийн шийдвэр гаргасанд талархаж байна. Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсөж, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм. Залуучуудаа хэчнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл. Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хэрэгжүүлж, ирэх хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе” хэмээнэ лээ. Намынхан, УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж буй үнэмлэхүй олонхоороо “Шинэ сэргэлтийн бодлого”-оо дэмжүүлчихсэн түүнд шалтаг тоочилгүй ажиллах л үлдлээ. Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх зууныг эхлүүлэх зургаан сэргэлт буюу “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж буй юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот ба хөдөө, ногоон хөгжил болон төрийн бүтээмжийн сэргэлт гээд зургаан зүйлийг тусгажээ. Амжилттай ажиллавал тэр Ардын нам төдийгүй Монгол Улсын “үнэт зүйл” болох биз. Эс тэгвэл улс орны амьдралыг уруудуулан, доройтуулсны буруутан болж, залгамж болж гарч ирэх залуусын замд гай болно.