Монгол, Оросын Засгийн газар хоорондын 1994 оны Хилийн боомт, улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээрийн протоколын төслийг эцэслэн тохиролцох болон хоёр улсын боомтыг уялдуулан хөгжүүлэх асуудлаарх уулзалт өчигдөр цахимаар болов. Уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Оросын талын төлөөлөгчдийг тус улсын Тээврийн яамны Улсын хилийг нэвтрэх хилийн боомтуудын бүтээн байгуулалтын төрийн бодлогын газрын захирал Кокаев Михаил Анатольевич нар даргалж оролцлоо. Талууд Монгол, Оросын Засгийн газар хоорондын 1994 оны Хилийн боомт болон улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээрийн протоколын төсөлд гарын үсэг зурах бэлтгэл, Монгол, Оросын хилийн боомтын бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлын талаар мэдээлэл солилцсон юм.