АН-ынхан үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулав. Чуулганыг тус намын дарга асан С.Эрдэнэ нээж, хэлсэн үгэндээ “Бид коммунизмын дарлалд 70 гаруй жилийг өнгөрүүлсэн бол ковидизмоор далимдуулсан, коммунист угшилтай эрх баригчдын дарангуйлалд нухлуулж байна. Бид бизнес хийх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гээд ардчиллын бүхий л эрх, эрх чөлөөгөө боолгож байна. Өнөөдөр АН сөрөг хүчний байр сууриндаа эргэн ирж, идэвхтэй ажиллах цаг болсон. Бид дотооддоо асуудалтай байгаа ч ардчиллын манаанд зогсох үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой” гээд 1990 онд хийж байсан шиг тэмцлийн хэлбэрт шилжихээ онцолсон. Дараа нь МҮДН, МҮАН-ын анхны дарга Да.Ганболд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Тэрбээр “Өнөөдөр манайд болохгүй, бүтэхгүй зүйл олон байна. Гэрэл, гэгээтэйгээс гадна муу юм бүхнийг бид өөрсөдтэйгөө холбож харах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид сахилга бат, хариуцлага, журам, дүрмийг ягштал баримталж чадсан бол өнөөгийн эрх баригчдыг ингэж давраахгүй байсан. Үүний хариуцлагыг өөр дээрээ авах ёстой. Бид дотоод журмаасаа эхлэх хэрэгтэй. 30 жилийн хугацаанд бид дүрмээ хэчнээн удаа өөрчлөв. Журмын нөхөд минь, журам, дүрмээ сайн баримталъя” хэмээн уриалав.
Чуулганд 1206 хүн оролцсон бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Ц.Оюундарь “Нийгмийг өөрчилсөн 30 жил”, АН-ын дарга М.Тулгат “Ирэх 30 жил-Шинэчлэлийн 10 алхам”, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал”, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Улс төрийн намын тухай хууль, парламентын ардчилал”, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “Ардчилал ба эмэгтэйчүүдийн оролцоо”, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Ковид ба эдийн засаг” сэдвээр илтгэл тавив.
Харин АН-ынхны нөгөө тал буюу О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс тамганы маргаан эцэслэгдэж, тэдний талд шийдэгдсэнийг мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд АН-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаан болсон юм. Өнгөрсөн сарын 28-нд болсон анхан шатны шүүхээс иргэн С.Эрдэнэд тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхгүй гэж шийдээд байсан юм. Тэгвэл энэ удаа О.Цогтгэрэлийн өмгөөлөгч А.Базарын гомдлын дагуу дээрх шийдвэрийг гаргасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. Үүнийг М.Тулгат даргатай АН-ынхан эсэргүүцэж, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны шийдвэрийг илтэд худал гуйвуулан тайлбарлаж, намын жирийн гишүүд, дэмжигчдийг төөрөгдүүлж, бусдын нэр төр, алдар хүндэд халдаж байгаа хууль бус мэдэгдэл, мэдээллээ нэн даруй таслан зогсоохыг анхааруулж байна” хэмээн О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүст анхааруулсан юм.
Бэлтгэсэн Б.Уран