Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд омикрон хувилбарын талаар мэдээлэл хийв. Одоогоор 18 оронд омикрон хувилбар бүртгэгдээд буй бөгөөд Израил, Бельги зэрэг улсаас бусдад нь зөөвөрлөгдөн халдварлажээ. Омикроныг бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр, одоо хэрэглэж байгаа лабораторийн оношлуураар илрүүлэх боломжтой аж.
Тус хувилбарын халдварлах чадвар, өвчлөл, хүндрэл болон вакцины нөлөөг эрдэмтэд судалж байгааг тэрбээр онцолсон.
Мөн эрсдэлд суурилсан хилийн хорио тогтоохыг ДЭМБ санал болгож байгаа гэв. Дэлхийн орнууд омикрон хувилбар бүртгэгдсэн улсаас иргэд хүлээн авахгүй, хилээр нэвтрүүлэхдээ 10-14 хоног тусгаарлаж, дархлаа сэргээх нэмэлт тунг 40-өөс дээш насныханд хийж байсан бол 18 болгох гэх зэрэг арга хэмжээ авч байгааг салбарын сайд дурдсан. Тус хувилбар дээр “Пфайзер”, “Модерна”, “АстраЗенека” зэрэг вакцин үйлдвэрлэгчид туршилт хийж буй. Бүрэн болон нэмэлт тунгийн вакцинд хамрагдалт өндөр улс орнуудад эрсдэл бага байх магадлалтай гэж эрдэмтэд таамаглажээ. Британи, АНУ зэрэг орны гол тактик нь эрсдэлд суурилсан хилийн хорио, вакцины нэмэлт тунгийн хамралтыг өсгөж, иргэддээ амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг зөвлөмж өгч байна гэв.
Өнгөрсөн сарын 28-наас хойш манай улсад гадаадаас 1040 хүн ирснээс дельта хувилбарын нэг тохиолдол илэрсэн байна. Сайд С.Энхболд “Африкийн орнуудад голомтод ажиллаж байгаа эмч нар эмчилгээ нь өмнөх хувилбаруудтай адилхан, өөрчлөгдөөгүйг хэлж байгаа. Хамгийн гол нь хүчилтөрөгчийн дутагдалд орох хэмжээнд хүртэл хүндрэхгүй байгааг онцолж байна. Иймд вакциндаа идэвхтэй хамрагдаарай. Дархлаажуулалтын цэгийг дөрөв дахин нэмэгдүүлэн 227 газарт ажиллуулснаар долоо хоногт 80 орчим мянга, өдөрт 15 мянгаас доошгүй хүнийг хамруулж байна. Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын цэг байгуулснаар залуучуудын идэвх сайжирсан. Их, дээд сургуулиудыг амрах хүртэл дээрх цэгүүдийг ажиллуулна” гэв.
Мөн УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн мэдээлснээр одоо тусгаарлан ажиглах 14 байранд 1377 хүн хүлээн авах нөөц бий бөгөөд онц шаардлагагүй тохиолдолд ойрын үед гадаадын улс орнуудад зорчихгүй байхыг санууллаа. Мөн тэрбээр “Иргэдийг нь хүлээн авахгүй 11 орны жагсаалтад багтаагүй улс, орнуудаас ирж байгаа хүмүүст тухай тухайн үед нь шийдвэр гаргаж, хариу арга хэмжээ авна” хэмээлээ.
Бэлтгэсэн Б.Уран