Улс тунхагласны баярын амралт, коронавирусийн омикрон хэлбэрийн халдварын айдас гээд аль нь ч байлаа “Богд Зонхова”-гийн дуулианыг дарах учиргүй. “Сургууль, эмнэлэгт өчнөөн мөнгө зарцуулж байхад жуулчдад зориулж ганц бурхны төв барихад юу нь буруу гэж” хэмээн хээв нэг хэлж чаддаг гишүүнд хойшид битгий итгэл хүлээлгээрэй, сонгогчид оо. Ухаж, тунгаан ойлгоод яривал өвчин, тахалтай энэ үед эмнэлэг бус, бурхны хөшөө босгох санаачилга гаргаж, хөхиүлэн дэмжиж, “буруу биш” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй гишүүдийн бүрэн эрхийн хугацааг дуусгалгүй, эгүүлэн татах үндэслэл ч бий.
Үндсэн хуулийн 21.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” хэмээн заасан. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “… би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Баруун, солгойгүй цацах мөнгөгүй, хямралын үеийн, ядуу улсын хууль тогтоогч гэдгээ умартаж, бурхан бүтээхийг илүүд үзсэнээрээ тэр, тэд иргэдийнхээ, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэж чадсангүй.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг парламентаар хэлэлцэж буй энэ үед үүнийг олон нийт хүчтэй шаардах эрхтэй. Өмнөх парламентын үед хуралдаа суудаггүй, ажлаа хийдэггүйгээрээ “алдаршсан” Б.Наранхүүг нэр бүхий хуульчид Цэцэд өгч байсан удаатай. Мөн л Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасныг удирдлага болгож, түүнийг зөвхөн Дундговь аймгаас сонгогдсон гишүүн, тус аймгийнхны төлөөлөл бус, нийт монголчуудын өмнөөс төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд хуралдаа суухгүй, үүргээ биелүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж тэд Цэцэд хандаж байв. Хэдийгээр тухайн үед Цэцэд мэдээлэл гаргасан иргэд амжилт олоогүй ч өдгөө Ц.Цэрэнпунцагийн талаар хандах нь нээлттэй.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Бид сүүлийн хоёр жил “Бүхнийг фронтын төлөө” гэдэг шиг өвчтэй, зовлонтой гэж эрүүл мэндийн салбарт ахиу, хангалттай мөнгө тавилаа. Гэхдээ бидний амьдрал үргэлжилж байна. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах вэ. Өв соёлоо сэргээж, үзэж, харах зүйл бүтээх ёстой биз дээ. Энэ том төсөл “явах” ёстой. Нас намбатай, өвчтэй зовлонтой хүмүүс, хурим найраа хийж байгаа залуус гээд бүгд л Ганданд очдог. Гэтэл төв Гандан нь хүйтэн, нэг том байшин, ганц бурхан л байгаа шүү дээ. Тиймээс шинэчилж, хүн очиход нүүр улайхааргүй болгох ёстой. “Богд Зонхова” цогцолборыг барих гэж байгаад баяртай байна” хэмээн, загнах шахам тайлбар өгсөн. Энгийн үед ч иргэд нь, өвчтөнүүд эмнэлгийн коридорт зулдаг атал энэ хүнд цагт эрхэм түшээд нь ингэж ярина гэж хэн санах билээ, гомдох ч шиг. Ярих ч багадаж, бурхан бүтээх зардлыг хэдэн арван тэрбумаар нь төсөвт тусгаад, баталчихсан хүмүүс шүү дээ. Цар тахал, өвчин зовлон хүмүүсийг бүхий л талаар туйлдуулж байна. Эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, сэтгэл зүй гээд сүүдэр нь тусаагүй зүйл үлдэхгүй нь. Үүнийг ч хэн хүнгүй хангалттай ярьж буй. Үнэндээ гишүүд нь ийм төсөв батлаад, эцэст нь тийм тайлбар хийнэ чинээ санасангүй. Иргэд рүүгээ чиглэсэн ажил хийх болохоор эдийн засаг хүнд байна, цар тахлын хямралд нэрвэгдлээ хэмээн толгой сэгсэрдэг эрх баригчид шашны төв, хөшөө, барималд хэдэн арван тэрбумаар нь зориулж байгаатай нь олон нийт эвлэрч чадахгүй байгаа нь зүйн хэрэг. “Богд Зонхова” төвийн санхүүжилтийг бүрдүүлж буй татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн дарамт, ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж, үнийн өсөлтөд хэдийн чирэгдэж, зутарч байгаа нь нууц биш.
“Эрүүл мэнд, боловсролын салбарт их наяд, их наядаар нь мөнгө тавьсан шүү дээ” гэж хэгжүүрхээд байгаа УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танд эхлээд хэдхэн тоо хэлье. Монгол Улсын статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас харвал, ерөнхий боловсролын сургуульд өдрөөр суралцагчийн тоо 2020 онд 680.8 мянга болж, өмнөх оныхоос 40.4 мянгаар нэмэгдсэн байна. 2018-2019 онд мөн 47.2 мянгаар өссөн байх жишээтэй. Энэ хэрээр сургуулийн тоо нэмэгдэх нь тодорхой. 2018 онд төрийн өмчийн зургаа, өнгөрсөн жил 10 сургууль ашиглалтад оруулсан байна. Эдгээрт ажиллах багш, ажилчид, хүүхдүүдийн суух ширээ, багшийн бичих самбар гээд урсгал болон хувьсах зардал өсөх нь ойлгомжтой. Харин ч манайх хангалттай нэмж чадахгүй, хүүхдүүд гурван ээлжээр хичээллэхээр байгаа. Тиймээс ч танай намынхан гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно гэж амлаж гарч ирснийг сануулъя. Сүүлийн хоёр жилийн нэгэнд нь огт хичээллээгүй, нөгөөд нь хагас дутуу, цахим, танхимын хэлбэрийг хослуулан сургалтын үйл ажиллагаа явуулж буй нэртэй байгаа тул эрх баригчид амлалтаа мартчихаагүй байлтай. Өөрөөр хэлбэл, Ц.Цэрэнпунцаг гишүүнд их дүнтэй харагдаад байгаа боловсролын салбарын хөрөнгө оруулалт зүй ёсны буюу өсөлт, эрэлтээс үүдэлтэй зайлшгүй төсөв гэсэн үг. Хууль тогтоогчдын хүчин чармайлтаар овойж, томроод байгаа мөнгө биш. Тэгж яривал улсын нэгдсэн төсвийн нийт зардалд боловсролын салбарын эзлэх хувь 2018, 2019 онд 15 хувьтай байсан бол өнгөрсөн онд 11.8 болж буурсныг хараарай.
Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” төвийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Тасганы овоонд байгуулаад эхэлчихсэн. Төсөвт өртгийг нь анх 5.5 тэрбум төгрөгөөр баталж, энэ жилийн улсын төсөвт 1.5 тэрбумыг тусгаж байсан ч ирэх жилийнхэд зардлыг нь бараг зургаа дахин өсгөсөн ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Ингээд зогсохгүй энэ төвийг барих саналыг УИХ, Засгийн газрын аль нь гаргасан, төсөвт өртгийг нь хэрхэн нэмэгдүүлсэн, хэний санаачилга байсан гэх мэт асуултаас сайд, гишүүд тойрч, булзан, тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүргэлээ. Юутай ч өнгөрсөн жил энэ оны төсвийг “боож”, батлуулсан Сангийн сайд, өдгөө УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдаж буй Ч.Хүрэлбаатар “Богд Зонхова” төв УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд гурван гишүүний саналаар “бий болсныг” хэлсэн бөгөөд тэдний нэгээр Ц.Цэрэнпунцагийг нэрлээд буй.
Энэ “хэрэг”-т холбогдсон нэр бүхий гишүүдийн араас хэвлэлийнхэн хөөцөлдөж, учир байдлыг лавлахад, Ц.Цэрэнпунцаг эхэндээ хариулахаас зайлсхийсэн. Ингэхдээ гурван гишүүний нэг болохоо хүлээн зөвшөөрсөнгүй, бас үгүйсгэсэнгүй. Дараа нь энэ талаар мэдээлэл өгнө гэж хэвлэлийн бага хурал зарласан ч хэдэнтээ хойшлуулсны эцэст дээрх тайлбарыг өгсөн юм. Олны шүүмжлэлээс айж, хулчийлгүй, байр сууриа тууштай хадгаллаа хэмээн өмөөрч, магтах нэгэн ч байлаа. Гэвч энэ “хугардаггүй ноён нуруу” гэхээс илүү хийх ажлынхаа эрэмбийг мэддэггүй, хүн ардын зовлонг ойлгодоггүй хүнээс л гарах үйлдэл гэлтэй. Хутагт, хувилгаадын нутгаас сонгогдсон хууль тогтоогч байлаа гээд бурхан бүтээх гэж улайрдаггүй л баймаар.