Зөрчлийн тухай хууль гэж түүнийг хэрэгжүүлэгчид болон иргэд, аж ахуйн нэгжийнхний дунд зовлон тарьдаг эрх зүйн баримт бичиг бий. Эл хууль байнга л шүүмжлэл дагуулж, “Иргэдийнхээ халаасыг сэгсэрч, хоослохын тулд төр ийм хууль баталсан” хэмээх бичиж, ярих болсон билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж л гэхэд “2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор дөрвөн сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулжээ. Энэ бол төсвийн цоорхойг нөхөх хэмжээний, ард иргэдийн хохироосон хууль болсон” хэмээн шүүмжилж байв. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Одгэрэл “Зөрчлийн тухай хууль нь концепцийн хувьд захиргааны зөрчлийг эрүүгийн эрх зүйн салбарт харьяалагдахаар өөрчилсөн, Үндсэн хуультай зөрчилдсөн, салбарын хуулиудын бүтцийг эвдсэн, хэрэгжүүлэхэд туйлын хүндрэлтэй” хэмээгээд “Энэ хуульд заасан зөрчил тус бүрт шийтгэл ногдуулна” гэсэн нь иргэд, бизнес эрхлэгчдийг яллах бодлого давамгайлсан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад санамсаргүй гаргасан алдаа, зөрчил бүрт ял шийтгэл оноохоор хуульчилсан нь буруу” хэмээж байсан удаатай.
УИХ 2017 онд баталсан, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 17 бүлэг, 255 зүйл, 1058 хэсэг, 908 заалттай бөгөөд 2300 орчим үйлдлийг зөрчилд тооцож, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оноохоор хуульчилсан байдаг. Албаны эх сурвалжийн мэдээлэлд дурдсанаар Зөрчлийн тухай хууль үйлчилж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш энэ оны зургадугаар сар хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 7.3 сая гаруй зөрчилд шийтгэл оноосон байх юм. Үүний 96.7 хувийг хүнд холбогдуулж, 3.3 хувийг хуулийн этгээдийг зөрчил гаргасанд тооцон хариуцлага хүлээлгэжээ. Зөрчлийн тухай хуулийг хэрхэн хэрэглэхийг хуульчилсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 31 байгууллагын 216 орчим нэгжид хамаарах 10 011 субъект зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд жил болгон бүртгэгдсэн нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шалгаж шийдвэрлэсэн аж. Цагдаагийнхан бүртгэж шийдвэрлэсэн зөрчлийн 93 хувь буюу 6.7 сая шахам нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн, 3.5 нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан, 0.4 нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил байжээ. 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь бэлэн бус хэлбэрээр 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оноосон байдаг бөгөөд 73 тэрбум 339 сая төгрөг нь төлөгдөөгүй байсны олонх нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагджээ.
Үүнээс үзэхэд өдгөө мөрдөж буй Зөрчлийн тухай хууль төдийлөн үр дүнгээ өгөхгүй, иргэд, судлаачид, хууль хэрэгжүүлэгчдийн шүүмжлэлийг байнга дагуулж байгаа нь илэрхий. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барихаар болсон аж. Ингэхдээ цөөнгүй зүйл заалтыг хасаж, өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн хуулийг зөөлрүүлсэн гэхэд хилсдэхээргүй болжээ.
ЗӨРЧЛИЙН ТОРГУУЛИЙГ ХУГАЦААНД НЬ ТӨЛСӨН БОЛ ХӨНГӨРҮҮЛЭХ ЗААЛТ ОРУУЛЖЭЭ
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 16 бүлэг, 254 зүйл, 1009 хэсэг, 358 заалттай байхаар боловсруулжээ. Заримаас нь онцлоход, торгох шийтгэлийг хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцон оноохоор заасан зөрчил үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн, баривчлах шийтгэл ногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол шийтгэхгүй байх зохицуулалт тусгасан аж. Мөн хөөн хэлэлцэх хугацааг эргэн харж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, харин шийтгэл оноохгүй байхаар болжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд нь дээд, доод хязгаартай байхаар заасан торгох шийтгэл ногдуулахдаа зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн зөрчлийн үр дагавар, учруулсан хохирлоо арилгасан, нөхөн төлбөрөө төлсөн байдлыг харгалзах гэнэ. Өөрөөр хэлбэл, зарим зөрчилд ногдуулах торгох шийтгэлийн хэмжээг интервалтай байх зохицуулалт шинээр бий болгосон аж. Түүнчлэн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оноосон торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг нь хоёр дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалттай байхаар хуульд тусгасан байна. Энэ нь торгох шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэлийг цаг хугацаандаа биелүүлэх хөшүүрэг, нөгөөтээгүүр хуулийн хэрэгжилт бүрэн хангагдах боломж бүрдэнэ гэж судлаачид ч, хууль боловсруулагчид ч үзэж буй юм билээ. Хэрэв энэ мэтээр хөшүүрэг оруулахгүй бол торгох шийтгэл биелэгдэхгүй гэж дүгнэсэн аж. Өнгөрсөн хугацаанд Зөрчлийн тухай хуулийн дагуу ногдуулсан торгох шийтгэлийн биелэлт бодит байдалд 20.7 хувьтай байгаа дээр дурдсан нөхцөл байдалд дүн, шинжилгээ хийсний үндсэн дээр боловсруулсан зохицуулалт гэнэ.
ЗӨРЧИЛ ҮЙЛДЭГЧДЭД САНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ БОЛНО
Шинэчлэн найруулж буй Зөрчлийн тухай хуульд шийтгэл оноох, оноохгүй байх үндэслэл, хариуцлага хүлээх хүн, хуулийн этгээд, шийтгэлийн төрөл, яавал хөнгөрүүлэх, зөрчлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл ногдуулах зохицуулалт оруулж буй аж. Ингэхдээ шийтгэлийн нэгэн төрлийг нэмж буй юм байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн гуравдугаар бүлэгт заасан шийтгэлийн төрлийг нэмж, сануулах шийтгэлийг шинээр бий болгосон гэнэ. Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаврыг тайлбарлаж, түүнийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгажээ. Гэхдээ эл шийтгэлийг оноохдоо бусад шийтгэлээс заавал урьтаж ногдуулж байхаар зааж буй юм билээ. Ингээд сануулах шийтгэл хүлээснээс хойш зургаан сар өнгөрөөгүй бол дараагийн үйлдсэн зөрчилд энэ төрлийн шийтгэл хүлээлгэхгүй, өөрийг оноож байхаар тусгаж байгаа гэнэ. Энэ нь тухайн үйлдэгдсэн зөрчлийн улмаас шууд хор хохирол учраагүй, зөрчлийг арилгах боломжтой үйлдлүүдэд хүн, хуулийн этгээдэд сануулах замаар нийгмийн дэг журмыг хангах, нөгөө талаар хүн, хуулийн этгээдэд шууд торгох шийтгэл ногдуулахаас илүүтэй сануулж, зөвлөн, тайлбарлах боломж олгох ач холбогдолтой болжээ. Харин нийтийн эрх ашиг, хүрээлэн буй орчныг хамгаалах, ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад заасан зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэхгүй юм байна. Тухайлбал, байгаль орчин, хүрээлэн байгаа орчны эсрэг бүлэгт заасан зөрчил бүхэлдээ, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Галт зэвсгийн, Жагсаал цуглаан зохион байгуулах, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх, Донорын тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, Архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх, хөнгөрүүлэх боломжгүй байх гэнэ.
Эдгээрээс гадна баривчлах шийтгэл оноохгүй байх заалт нь хүний эрхийг хангасан, хүнлэг энэрэнгүй байхад чиглэсэн зохицуулалт болжээ гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, баривчлах шийтгэлийг жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа иргэнд оноохгүй байхаар төсөлд тусгасан байгаа юм.
Өдгөө мөрдөж буй Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох, баривчлах, эрх хасах гэсэн гурван төрлийн шийтгэл оноож байгаа. Хүнлэг, энэрэнгүй байх үүднээс аливаа шийтгэлийн зорилго нь цээрлүүлэхээс гадна урьдчилан сэргийлэхэд оршдог. Хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хууль дахь шийтгэлийн төрөл цөөн байснаар “Зөрчлийн хууль хатуу, чанга байна” гэх шүүмжлэлд өртөх нэг хүчин зүйл болж буй билээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүд болгоож, баталбал төрийн буулт зөөлөн болж, түмэн олон хуулиа хүндэтгэн биелүүлэх боломж бүрдэх биз ээ.