Богд Зонховын хөшөө, цогцолборын бүтээн байгуулалтыг тойрсон шуугиан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн төлөвлөдгийн үнэн төрхийг харуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцүүлэхийн өмнө сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өгсөн. Энэ үеэр төсвийн хөрөнгө оруулалтыг нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй, эсэхээр нь эрэмбэлж байгааг лавласан юм. Сангийн сайд “Энэ оны дөрөвдүгээр сараас хойш нийслэл, орон нутгийн засаг, захиргааны удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагч нар, УИХ-ын гишүүдийн саналыг авч, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслийг зохиосон. Тиймээс төлөвлөлт сайтай боллоо” гэж хариулж байв.
Манай улс жижиг эдийн засагтай, хөгжил буурай орон. Тиймээс эдийн засгаа эрчимтэй тэлэх шаардлагатай. Дотоодын нийт бүтээгдэхүүний өндөр өсөлт бий болгох нэг суваг нь төсвийн хөрөнгө оруулалт. Тэгэхээр нийгэм, эдийн засагт хамгийн өндөр нөлөөтэй, тулгамдсан асуудлыг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх нь зүйтэй. Богд Зонховын хөшөө, цогцолборыг 32 тэрбум төгрөгөөр барих нь тулгамдсан асуудал мөн үү. Эсвэл тус бүр нь 2.5 тэрбум төгрөгөөр 12 цэцэрлэг барих нь тулгамдсан асуудал уу. Улаанбаатарт амьдарч, хүүхдээ цэцэрлэгт явуулж чадахгүй байгаа хэн бүхэн нэмээд 12 цэцэрлэг барьчихаасай гэж бодно.
Хүний хөгжил, нийгмийн сайн сайхан, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд төдийлөн ач холбогдолгүй хөрөнгө оруулалтыг хойш тавиад, юуны түрүүнд эдийн засгийг үржүүлэгч нөлөөг идэвхжүүлэх бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Монголын хөгжлийг зам, тээврийн сүлжээ, эрчим хүчний дутагдал, гадаад худалдааны ложистикийн хүрэлцээ гацаадаг. Эдгээрээс шалтгаалж, аж ахуйн нэгжүүдийн шинэ бүтээн байгуулалт хийх, орлогоо өсгөх боломж хаагдаж байна. Бурхны хөшөө барихын оронд нэг км авто болон төмөр зам тавих, хилийн боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засагт илүү үр өгөөжтэй. Манай улсын хилийн боомтуудын хүчин чадал гадаад худалдааныхаа эргэлтийг нь нэвтрүүлж, хангахаа больсон. Өмнөдөөс хойд хөршийг зорих транзит тээвэр бага зэрэг нэмэгдэхэд л манай улсын гол боомт Замын-Үүд ачааллаа дийлэхээ больж байна. Гэтэл 2022 оны төсөвт олон сумын төвд хатуу хучилттай авто зам тавина гэж тусгасан байна лээ. Сумын төвд авто зам тавихын оронд эхлээд хил рүүгээ авто зам тавьж, боомтуудынхаа хүчин чадлыг нэмэх хэрэгтэй. Дараа нь бүс нутгийн шинжтэй аймгийн төвүүдээ хатуу хучилттай авто замаар холбох шаардлагатай. Ховдыг Увс, Увсыг Баян-Өлгий, Дорнодыг Сүхбаатар аймгийн төвтэй авто замаар холбох хэрэгтэй байна. Бүс нутгийн чанартай аймгийн төвүүдээ хооронд нь авто замаар холбоогүй байж сумыг авто замаар холбох нь толгой нь уруугаа харсан хэрэг юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэг бүрчлэн шинжилбэл нийгэм, эдийн засагт үр өгөөжгүй дэмий бүтээн байгуулалт өчнөөн тодрох нь дамжиггүй. Жижигхэн сумын төвд ундны усны гурван худаг барих ямар хэрэг байна вэ. Төсвийн хөрөнгө оруулалтыг худалдаа, эдийн засгийг идэвхжүүлэхэд хэр нөлөөтэй вэ, хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндэд тустай юу гэсэн хэдэн шалгуураар эрэмбэлэхэд зөв голдирлоо олчих юм. Даанч төсвийг УИХ-ын тойргоо “услах” сэтгэлгээнээс давж боловсруулж чаддаггүй нь харамсалтай.
…Засгийн газар төсвийг баталсны дараа аль нь хасаж, нэмсэн, эцэст нь орлого, зарлага алдагдал нь яаж өөрчлөгдсөн гэх зэрэг мэдээллийг өгдөг байх хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын үр өгөөжийг тайлбарладаг байх шаардлагатай. Ирэх оны батлагдсан төсвийн талаар олон нийтэд мэдээлэл алга. Төсвийг үл мэдүүлэх шаардлага Засгийн газарт байдаг хэрэг үү. Эс бөгөөс төслийг нь дэлгэдэг шигээ нийтэд үнэн бодитоор мэдээлэх ёстой…
Мөнөөх Богд Зонховын хөшөө, цогцолборыг Ш.Адьшаа гишүүн 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулах санаачилга гаргаснаа хүлээв. Тэрбээр яагаад төсөвт өртөг нь 27 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг мэдээгүй гэнэ. Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тойрогт нь ийм өндөр өртөгтэй бүтээн байгуулалт хийх гэж буйг бас мэдээгүй аж. Хөшөө, цогцолборын барилгын ажил аль хэдийн эхэлсэн. Гэтэл тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийхгүй байхад хэн нэгэн барилгын ажлыг нь эхлүүлчихсэн гэж Сангийн сайд ярив. Тэрбээр төсөвт өртөг нь ямар учраас нэмэгдсэнийг тодорхой мэдэхгүй юм байна. Төсөв боловсруулсан сайд нь, санаачилсан, баталсан УИХ-ын гишүүд нь ч мэдэх зүйл алга. Тэгээд энэ талаар хэн мэдэх юм бэ. Хэн мэдээд бариулаад эхлэв. Эндээс Засгийн газар нь, УИХ-ын гишүүд нь ямар төсөв баталснаа мэддэггүй юм байна гэдэг нь харагдана. УИХ-ын гишүүдэд дараагийн сонгуульд хандив өгнө гэж амласан хэдэн компанийнхаа санхүүжилтийг төсвийн хөрөнгө оруулалтад шигтгэх “гуйлт”-ыг шургуулаад авбал бусад нь хамаагүй бололтой. Төсвийн орлого, зарлагын өнөө болоод ирээдүйд макро эдийн засагт үзүүлэх үр нөлөө гэх мэт амин чухал бодлого, төлөвлөлт тэдэнд хамаагүй юу.
Тендер дагаж “амьдардаг” компанийн захирал төсвийн хөрөнгө оруулалтад шигтгэх бүтээн байгуулалт санаачилдаг, тэгээд орон нутгийн Засаг дарга, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнтэй хуйвалдаж төсөвт “шургуулдаг”. Энэ бол бараг илэрхий болж буй бизнесийн сигмент. Санаачилсан бүтээн байгуулалтынхаа тендерт мөнөөх компани ялна. Ингэхэд нь хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүн, тухайн орон нутгийн Засаг дарга нар дэмжлэг үзүүлнэ. Дэмжсэний төлөө тэд мөнгө, мөнгөн бус хэлбэрээр хахууль авдаг биз. “Арван хувийн хэн” гэсэн хэллэг хүртэл гарсан нь ийм бохир явдал энгийн үзэгдэл шиг болсны илэрхийлэл байлгүй. Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны тендер нам нэгтэй найзууд дундах “найр” болжээ. Үүнд төр, захиргааны байгууллагын хурган дарга нар маш их үүрэг оролцоотойг анхаарах хэрэгтэй. Улс төрийн ийм бохир технологийг эсэргүүцэж, дэвшилт үзэлтэй бүхэн дуугарах, засах ёстой. Эс бөгөөс татвар төлөгчдийн мөнгө эрх баригч хүчний эрх дархтай хүмүүс, тэдний хүрээлэлд хамрагддаг нөхдийн халаасыг зузаалсаар байх болно.
УИХ-ын албан ёсны цахим хуудсанд “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль нь дөрвөн бүлэг 21 зүйлтэй бөгөөд Монгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,406,608.4 сая (9.4 их наяд) төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12,086,996.3 сая (12 их наяд) төгрөг байхаар баталсан. Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,218,053.4 сая (2.2 их наяд) төгрөгөөр санхүүжүүлж, “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд 303,600.0 сая (303.6 тэрбум) төгрөгийн эргэн төлөлт хийхээр болж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд төсвийн жилд 643,389.3 (643.3 тэрбум) сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулахаар батлав” гэсэн мэдээлэл оруулсан. Уг нь Засгийн газраас 15.7 их наяд төгрөгийн орлоготой, 18.1 их наядын зарлагатай байх төсвийн төсөл өргөн барьсан юм. УИХ-ын албан ёсны цахим хуудас дахь мэдээлэл тодорхой бус, төөрөгдүүлсэн юм шиг санагдлаа.
Төсвийн орлого, зарлага эцсийн байдлаар хэдэн их наяд төгрөгөөр батлагдсан, хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөн, юуг нэмж, алийг хассан талаарх мэдээлэл алга. Лав л 9.4 их наяд төгрөгийн орлоготой, 12 их наядын зарлагатай төсөв баталсан гэж итгэхгүй байна. Засгийн газар төсвийг баталсны дараа аль нь хасаж, нэмсэн, эцэст нь орлого, зарлага алдагдал нь яаж өөрчлөгдсөн гэх зэрэг мэдээллийг өгдөг байх хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын үр өгөөжийг тайлбарладаг байх шаардлагатай. Ирэх оны батлагдсан төсвийн талаар олон нийтэд мэдээлэл алга. Төсвийг үл мэдүүлэх шаардлага Засгийн газарт байдаг хэрэг үү. Эс бөгөөс төслийг нь дэлгэдэг шигээ нийтэд үнэн бодитоор мэдээлэх ёстой.