“Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольм, тэдний Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд, “Туркойз хилл ресурс” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу, “Рио тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар өчигдөр Монголын төр, засгийн удирдлагатай уулзлаа. Тодруулбал, тэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзсан юм. Мөн УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны гишүүдтэй уулзсан байна.
Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Засгийн газрын ажлын хэсгийг төлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар байлцжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 2019 оны 92 дугаар тогтоолыг батлаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. УИХ-аас тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарал тавьж ажиллаж буй ч хангалтгүй байна. Тиймээс цаашид “Оюутолгой” төсөл энэ байдлаар хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжих боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш 12, “Дубайн гэрээ”-г байгуулснаас хойш долоон жил өнгөрлөө. Энэ бол хангалттай хугацаа юм” гэжээ. Улмаар Монголын эрх ашгийг хангуулах, харилцан ойлголцол, нэгдсэн гарц шийдэлд хүрэх, хөрөнгө оруулалтын гэрээ, эдийн засгийн тооцоололд сууриар нь өөрчлөлт оруулах зэрэг саналыг тавьсан. Тухайлбал, хууль зөрчиж хийсэн “Дубай”-н гэгдэх гурван гэрээг цуцлах, үүнийг дагасан өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох, 2010 оны ТЭЗҮ-ийг баримтлах зэрэг Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатайг УИХ-ын дарга илэрхийлжээ.
“Рио тинто” группийн төлөөлөлтэй уулзсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээг тодорхой үр дүнд хүргэх шаардлагатайг юуны түрүүнд онцолсон байна. Тухайлбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио тинто” групп хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурджээ. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг “Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио тинто” групп анхаарах, цаашид “Оюутолгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн байдлаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг сануулсан гэнэ. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Статусхольмтой хоёр удаа цахим уулзалт хийж байсан. Тухайн үед илэрхийлж байсан байр сууриа өөрчлөөгүй гэдгээ дээрх үгээрээ баталжээ.
“Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Мөн харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа хэлжээ.