Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Иймд тус аймгийн ИТХ-ын V хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, дараагийн Засаг даргыг тодрууллаа. ИТХ-д олонхыг бүрдүүлж буй МАН-аас Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлэв. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм. Санал хураалтад оролцсон 36 төлөөлөгчийн 19 нь Н.Лхагвадорж, 17 нь Ж.Отгонхүүг дэмжсэнээр олонхын санал авсан Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад томилуулахаар Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Хуралдааны үеэр Н.Лхагвадоржийг эсэргүүцэж, зарим иргэн жагссан байна. Тэд төрийн өмчийг тендер зарлахгүйгээр дур мэдэн хуваарилдаг, байгалийн баялгийг хувьдаа завшдаг, хууль бус томилгоо хийдэг хэмээн түүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан бөгөөд Засаг даргаар томилсон тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж байлаа.
Бэлтгэсэн Б.Уран