Төрийн алба, албан хаагчид мэргэшсэн, чадварлаг, тэр дундаа улс төрийн албан тушаалтнууд захын хүнд чичлүүлээд байхааргүй ур чадвартай, ажил, албандаа эзэн байх аваас хаана, хаанаа асуудал, чирэгдэл, бухимдал бага байхад тустай. Тиймээс уг алба нь иргэн төвтэй нийгэм журмын чухаг нэгэн бүрэлдэхүүн билээ. Үйл ажиллагааг нь хуулиар зохицуулдаг. Эдүгээ төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна, хийе хэмээж буй. Гол шалтгаан нь ихэд намсаад буй Монгол төрийн босгыг өндөрсгөх аж. Яаж вэ?
Улс төрийн томилдог албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага гэж бий болгож байгаа аж. Үүний дагуу төрийн, улс төрийн албан тушаалтанд тавих мэдлэг, мэргэжил, мэргэшил, дадлага, туршлага, ёс зүйн хэм хэмжээний шаардлагыг нарийвчлан тусгаж буй гэнэ. Мөн бүх шатны Засаг дарга нарыг томилоход ард нийтийн дунд томилгооны сонсгол, хэлэлцүүлэг хийсэн байх, тухайн иргэдийн оролцоог хангасан байх гэсэн шаардлагыг хуульчлах аж. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дурдсан нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар Монгол төрийн босго хуулийн хүрээнд өндөрсөх, улс төрийн албан тушаалд чадахуйн болон мерит зарчим үйлчлэх, улс төрийн албан тушаалтнуудын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрийг чадварлаг болгох эрх зүйн үндэс бүрдэнэ гэж үзэж буй юм. Улмаар улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, хүчтэй төртэй болохын баталгаа ч гэж уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан гишүүдийн төлөөлөл Г.Тэмүүлэн хэлсэн.
Өдгөө хуульчлан батлуулахаар зүтгүүлэх нэмэлт, өөрчлөлтүүдийн тухайд улс төрийн албан тушаалтанд мэдлэг, мэргэжил, мэргэшил, дадлага, туршлагын шаардлага хэрхэн тавихыг ойлгож байна. Өнөөг хүртэл хэрэгжүүлсээр ирсэн. Харин ёс зүйн хэм хэмжээний шаардлагыг хэн, яаж тавих нь тодорхойгүй, угаас боломжгүй зүйл хэмээн судлаачид, улс төрийн хүрээнийхэн ярьж, бичээд эхэлсэн тул энэ тухайд дахин нурших нь илүүц биз ээ.
Харин бүх шатны Засаг дарга нарыг томилоход ард нийтийн дунд томилгооны сонсгол, хэлэлцүүлэг хийсэн, иргэдийн оролцоог хангасан байх гэсэн шаардлагыг хуульчлах тухайд шинэлэг юм байна уу хэмээн асууя. Хэзээнээс нааш ор нэрийн төдий явуулж ирсэн л арга хэмжээнүүд бус уу. Хуульчиллаа гээд сайжрах уу. Үнэхээр улс төрийн албан тушаалын чанарыг сайжруулж, түүнийг нийгмийг эрүүлжүүлэх нэгэн арга хэрэгсэл, механизм болгомоор байгаа бол томилдог бус, сонгодог болгохоор санал оруулаад ирж болсонгүй юу. Хэрвээ “Ийм шинэчлэл хийхээр зориглолоо” гээд индэрт танилцуулга хийгээд зогсож байвал алга ташин баяр хүргэж, бүхий л талаар дэмжих сэн. Нэгэнт ингэж чадаагүйгээс хойш үүн дээр том дуугарах нь илүүц. Ердөө түрүү жил нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш хэрэгжүүлж ч төдийлөн амжаагүй байгаа хуульд дахин гар хүрэх гэдэг нь үндэслэл муутай санагдана.
Үүний сацуу анхаарал гойд тавих ойлголт, заалт буй. Энэ нь төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлийг Засгийн газрын дэргэд шилжүүлэх тухай юм. Ёстой “Уучлаарай” гээд татгалзах өөрчлөлт бол энэ гэлтэй. Засгийн газар бүхнийг залгигч мангас болоод удаж буй. Тэр нь багадаад, сүүлдээ энэ албыг өөрийн болгохыг санаархаж байгааг юу гэх вэ. Ерөөс энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж зүтгээд, ялих, шалихгүй зүйл өөрчилсөн болгож харагдуулах гээд байгаагийн цаад шалтгаан нь Засгийн газрын ховдоглол гэхээр ч юм шиг. Хувийн хэвшлийнхний ажиллах, бүтээх орон зайг хумина, одоо бүр төрийн албаар тоглох нь дээ. Угаас улстөрчид, улс төрийн албан тушаалтнуудын томилгоо гээчээр дамжуулж тоглосоор, бусниулсаар ирсэн нь үнэн билээ. Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч л гэх, “Ковид”-ын хуулийн хүрээнд түр томилогдсон дарга нар л гэх. Үнэнийг өгүүлбээс “Ковид”-ын хуулийн үйлчлэл ирэх сарын 31-нээр дуусгавар болно. Түүнээс өмнө амжиж хийх зүйл байгаа болоод энэ хуулиар оролдож эхлэв үү гэхээр ч юм шиг. Засгийн газрын эрх мэдлийг нэмэх, зузаалахын төлөө л юм бол уг нэмэлт, өөрчлөлтийн тухай мартсан нь дээр болов уу.
Төрийн албаны тухай хуулийг 1994 оны арванхоёрдугаар сарын 3-нд баталжээ. Түүнээс хойш 2002, 2017 онд шинэчлэн найруулсан бол 2008, 2020 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм байна. Эдгээр шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт нь төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, төрийн албан хаагчдыг чадахуйн буюу мерит зарчмыг үндэслэн шалгалтаар сонгох, албан тушаал ахин дэвших тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэснээр төрийн алба мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн гэж үздэг ажээ. Энэ үндсэн дээр төрийн албаны засаглалыг сайжруулах, ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх шинэтгэлийг олон жилийн турш шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа. Гэсэн ч улс төрийн албаны шинэчлэлийг хараахан хийх боломж олгохгүй байгаа хэмээн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, төсөл өргөн барьсан Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар үзэж байна. Улс төрийн албаны шинэчлэлийг хийхгүйгээр төрийн албаны бодлого мэргэшсэн, тогтвортой байх боломжгүй ч гэж байна. Тийм ч байх. Мөн албан тушаалтнуудыг мерит зарчимд суурилан томилох, улмаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, авлига, хүнд суртлыг багасгах, төрийн албаны үүрэг, үр өгөөжийг дээшлүүлэх боломжгүй гэж гишүүд үзжээ. Магадгүй.
Тэгсэн атлаа Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилснаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийн хүрээнд иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ хэмээснийг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа юм. Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлнэ, төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ гэж заасны дагуу төрөөс баримтлах үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлэх, хангах үүднээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий болж байна гэж хэлсэн. Улс орныг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” бодлого болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл гэсэн бодлогын баримт бичгүүд, чиг шугам хэр сайн үндэс, суурьтай вэ. Эрх баригч нэг л намын гаргасан бодлого шүү дээ. Тэгээд ч эдгээрийг хэрэгжүүлэх гэж буй нь энэ гэж төрийн төв албыг Засгийн газрын дэргэдэх байгууллага болгохоор зүтгэх нь хүрсэн амжилтаасаа олон талаар ухрахад хүргэх болов уу.
Манай улсад 2021 оны статистик мэдээллээр сонгогддог болон томилогддог 3619 улс төрийн албан хаагч ажил үүрэг гүйцэтгэж буй аж. Гэвч өнөөдөр мөрдөж буй Төрийн албаны хуулийн хүрээнд улс төрийн албаны томилгоог ямар нэгэн шалгуур, шаардлагагүйгээр хийж, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандах нь түгээмэл ажиглагдаж байгаа тухай гишүүд мэдээлж буй. Энэ нь үнэнийг хүлээн зөвшөөрч буй сайн тал гэлтэй. Мөн томилогдсон албан тушаалтнууд нь төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ болон мэргэжил, мэдлэг, ур чадварын шалгуур, шаардлагад нийцэхгүй байх үзэгдэл ч нийтлэг байгааг УИХ-ын түвшинд тэмдэглэн хэлсэн. Хэн нэгнийг улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавилгүй томилсноос үүдэн төрийн албанд хүнд суртал нэмэгдэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх засаглалын чадавх сулрах, төрийн нэр хүнд доройтох, иргэдийн төрд итгэх итгэл алдагдаж буй нь ч үнэн билээ.
Илт мэдэгдэж, мэдрэгддэг, улиг болсон эдгээр алдаа, завхралыг оновчтой засаж залруулахыг чин сэтгэлээсээ, нийтийн эрх ашгийн үүднээс хүсэж буй бол ядаж л бүх шатны Засаг даргыг томилох бус, сонгодог болгооч. Мөн төрийн албаны төв байгууллагыг Засгийн газрын мэдэлд аваачиж, улстөржүүлэхийн оронд ядаж одоо байгаачлан тусгаар, өөрөөр хэлбэл, улс төрөөс, улстөрчдөөс харьцангуй хараат бус статустай нь үлдээвэл эрх зүйн хүрээний “буян” болохоор харагдаж байна, хуулийн төсөл санаачлагчид аа. Төрийн албыг сайжруулахгүй юм бол бүү дордуулаач.