УИХ ирэх оны төсвийг энэ сарын 12- нд баталсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавих, эсэх нь анхаарал татаж буй. Учир нь эл төсвийн хүрээнд баталсан зарим бүтээн байгуулалт олон нийтээс шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” төвийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Тасганы овоонд байгуулахад 10 тэрбум төгрөг тусган баталсан нь олны бухимдлыг төрүүлэв. Иргэд рүүгээ чиглэсэн ажил хийх болохоор эдийн засаг хүнд байна, цар тахлын хямралд нэрвэгдлээ хэмээн толгой сэгсэрдэг эрх баригчид шашны төв, хөшөө, барималд 10 тэрбум төгрөг зориулж байгаатай нь олон нийт эвлэрч чадахгүй байна.
Нөгөө талаас уг бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг нь 32.4 тэрбум төгрөг бөгөөд 2023 онд дуусгах аж. Гэхдээ 2021 оны төсөвт уг бүтээн байгуулалтыг тусгахдаа нийт төсөвт өртгийг нь 5.5 тэрбум төгрөгөөр баталж, 1.5 тэрбумыг өнгөрсөн жилийн төсөвт тусгасны зэрэгцээ 2022 онд дуусгахаар төлөвлөж байжээ. Угтаа ирэх онд дуусгах учиртай эл төслийн төсөвт өртөг нь бараг зургаа дахин өсөж, хоёр, гурван жил дамнуулан татвар төлөгчдийн мөнгөнөөс зувчуулах нь. Бүтээн байгуулалт нь дуусдаггүй атлаа жил ирэх бүр төсөвт өртөг нь нэмэгддэг, урд хормойгоо хойдхоороо нөхөж хоног, өдрийг барж яваа манайх шиг улсын хувьд ач холбогдолгүй гэмээр энэ мэт төслийг улсын төсвөөс санхүүжүүлдэг гаж жишиг ийнхүү үргэлжилсээр байна. Гэтэл “Богд Зонхова” төвийн санхүүжилтийг бүрдүүлж буй татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн дарамт, ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж, үнийн өсөлтөд хэдийн чирэгдэж, зутарч байгаа нь эмгэнэлтэй.
Юутай ч төсвийг багцлан боловсруулдаг Засгийн газар, Сангийн яам, сайд Б.Жавхлан, “Богд Зонхова” төвийг барихаар багцдаа тусгуулсан Соёлын яам, сайд Ч.Номинд эл бүтээн байгуулалтыг ирэх он, цаашлаад эдийн засаг өөдлөхгүй бол ойрын жилүүдэд төсөвт тусгуулахгүй, хойшлуулах боломж байв. Мөн төсөвт нэгэнт тусгаад, оруулаад ирсэн хойно нь батлахгүй байх, төслөөс хасах эрх нь УИХ-ын гишүүдэд байлаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүд төсвийн зардлыг нэмэгдүүлэхийг нь хязгаарласнаас бус, энэ мэт нэн шаардлагатай бус төсөл, бүтээн байгуулалтын арга хэмжээг хойшлуулах, хасах эрх нь хэвээр байгаа шүү дээ.
Харин өмнөх Сангийн сайд, өдгөө УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдаж буй Ч.Хүрэлбаатар энэ тухайд “Богд Зонховагийн хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад, өртгийг нь 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар улсын төсвийн төслийг өргөн барихад “Богд Зонхова” огт байгаагүй. УИХ-аар хэлэлцүүлж байхад гурван гишүүний саналаар нэмэгдсэн. Төсвийн байнгын хороо өртгийг нь нэмээгүй гэдгийг хэлье” хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Ингэхэд энэ үнэн бол “Богд Зонхова”-гийн төсвийг ямар гурван гишүүн нэмсэн юм бэ, ил болгохыг шаардах эрх иргэд бидэнд бий.
Бэлтгэсэн Б.Уран