Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт анхан шатны эмнэлэгт хэрэгжихгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Бейсен нар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд Эрүүл мэндийн даатгалын сангаас сум болон өрхийн эрүүл мэндийн төвд олгох суурь санхүүжилтийг хоёр дахин буюу 87 тэрбум төгрөгөөр өсгөснийг онцолж байлаа. Мөн Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсныг дуулгав.
Өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үүнийг ирэх оны эхний өдрөөс мөрдөнө. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос тус хуулийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргажээ. Уг ажлын хэсэгт тэд багтсан юм байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж, үйлчилгээнд 634.9, эмийн хөнгөлөлтөд 44, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт гурав, “Ковид-19”-ийн эсрэг 204 буюу нийт 886.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнээс улсын эмнэлэгт 356, хувийнхад 64.6, сувилалд 8.2, сумынхад 4.4, өрхийн эмнэлэгт 3.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Гишүүн Б.Бейсен “Анхан шатны эмнэлгүүд төсвөөс санхүүжилт авахын ач холбогдол нь ард иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ сайжирна. Төсөв хүрэлцээгүйн улмаас сум, өрхийн эмнэлгүүд шинжилгээ хийх хүртээмж тааруу, эм тасалдах зэрэг шалтгаанаас болж иргэдэд хангалттай тусламж үзүүлж чаддаггүй. Төсвийг нь хоёр дахин нэмэгдүүлснээр тусламж, үйлчилгээг анхан шатанд нь үзүүлэх боломж бүрдлээ. Одоо сумын эмнэлэгт шинжилгээ хийж, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” гэсэн бол гишүүн Ц.Туваан “Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг иргэнд олгодог тусламж, үйлчилгээний төлбөр хоёр сая төгрөгөөр хязгаарлагддаг байсан. Одоо иргэн хүнд өвчтэй бол Эрүүл мэндийн даатгалын сангаас хязгааргүйгээр тусламж, үйлчилгээг авч болно” гэв.
Бэлтгэсэн У.Наран