“Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим хариу арга хэмжээг манай иргэд эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэхээр тайван замаар жагсаж, цуглаж буй. Гэвч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг төрийн холбогдох байгууллагаас хэтрүүлэн хязгаарлаж, тайван замаар хийж байгаа жагсаал, цуглааныг хууль сахиулагчид тараан, иргэдийг баривчилж, хорьж байгаад Монголын “Эмнести интернэшнл” байгууллага харамсаж буйгаа илэрхийлэн, мэдэгдэл гаргажээ. Улмаар тайван замаар хуран цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нухчин дарж байгаа явдлыг зогсоохыг шаардав. Өнгөрсөн тавдугаар сард ч тус байгууллагынхан мэдэгдэл гаргаж, Монгол Улсад цахим болон цахим бус орчинд хүний эрхийн зөрчлийг мэдээлж, Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг баривчлах, хорих эрсдэлтэй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан юм.
Энэ удаагийн мэдэгдэлд “Төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтан, алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт хангалтгүйн улмаас иргэдийн эсэргүүцлээ илэрхийлэх эрхийг өргөн хүрээнд хэтрүүлэн хязгаарлаж байна. Тухайлбал, цар тахлын улмаас хязгаарлалтын дэглэм тогтоосон үед олон хүн оролцсон наадам, ойн баяр, спортын уралдаан, тэмцээн, шагнал гардуулах болон нээлтийн үйл ажиллагаа зэргийг зохион байгуулахыг зөвшөөрсөн мөртлөө халдвар, хамгааллын аюулгүй байдал, хүн хоорондын зайг баримтлан явуулсан иргэдийн тайван жагсаал, цуглаан, цаашлаад нэг хүний суулт, хөдөлмөрийн багаж хэрэгслийн цуглааныг холбогдох Засаг даргад мэдэгдэж бүртгүүлээгүй гэх зэрэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас албадан тарааж, иргэд, төрийн бус байгууллагад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж байгаа нь хүний эрхийн хязгаарлалт үндэслэл бүхий, зорилгод хүрэхэд зайлшгүй, гарцаагүй байх шаардлагад нийцэхгүй байна. Ийнхүү тайван замаар өрнөж байгаа аливаа жагсаал, цуглааныг хүч хэрэглэн тараах, зохион байгуулагчдыг “эмх замбараагүй байдалд иргэдийг уриалан турхирсан”, “гаднын санхүүжилттэй” гэх зэрэг шалтгаанаар баривчлан, ял тулгаж буй нь Монгол улсын нэгдэн орсон Иргэний болон улсын төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүлээн зөвшөөрсөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хуран цуглах эрхийг нухчин дарсан үйлдэл болж байна” гэжээ.
Бэлтгэсэн Б.Уран