Ерөнхийлөгчийн ивээл дор ойн салбарынхны үндэсний чуулганыг өчигдөр зохион байгуулав. Чуулганаар байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба тус салбарын хүний нөөц, технологи, инновацын шийдэл, ногоон санхүүжилтийн талаар илтгэж хэлэлцүүллээ. Тэд өнгөрсөн долоо хоногийн турш болсон салбар хуралдаануудаас гаргасан зөвлөмжийг хэлэлцэн, нэгдсэн зөвлөмж гаргав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш бэлтгэхийг дуулгасан. Тэрбээр “Ойн салбарын төрийн захиргааны байгууллага байгуулах, ойн ангиудыг агентлагийн харьяанд нэгтгэн, босоо бүтэцтэй болгох, шат шатны ойн байгууллагыг мэргэжлийн хүнээр удирдуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийн стандартыг шинэчлэх, уг салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Улмаар байгалийн бүс, бүслүүр болгонд тохирсон ой мод тарьж ургуулах, арчлах, хамгаалахтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө, мод тарих арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмж, үйл ажиллагааны цогц ойлголт, стандарт зэргийг ойн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачидтай хамтран шинжлэх ухаанчаар боловсруулж, зохих шийдвэр гарган, хурдтай ажиллах хэрэгтэй. Тэрбум мод тарьж ургуулах нь дан ганц байгаль орчны салбарын биш, монгол хүн болгон сэтгэл зүрхээрээ оролцох ёстой ажил юм. Мод тарих амархан, ургуулах хэцүү гэж ойн салбарынхан хэлдэг. Үүнд олон нийтийн оролцооноос гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр бид дэлхийд ховорт тооцогдох эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлээ хамгаалж, үржүүлэн, олон сая малынхаа тэжээлийг бэлдэн, импортоор авдаг жимс, хүнсний ногооныхоо тодорхой хувийг эх орондоо ургуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангана” гэв.
Манай улс 1938 онд Усны аж ахуй, 1958 онд Ойн аж ахуй байгуулж, энэ салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх суурийг тавьснаар зарим аймаг, орон нутгийн ДНБ-ий 5-10 хувийг эл салбараас бүрдүүлж байсан аж. Өнөөдөр улсын хэмжээнд ойн салбарын 1200, усны 4200 орчим боловсон хүчин байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн чуулганд оролцож үг хэлсэн. Засгийн газрын тэргүүн хийгээд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийхээ илэрхийлсэн юм. Цаашид Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги, зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллахаа мэдэгдэв. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлаг байгуулахаар шийдвэрлэснийг дурдаад, Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулна гэлээ. Ингэхдээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтийг батлах юм байна.
Энэ өдөр үндэсний хөдөлгөөнд аймаг, нийслэлээрээ нэгдэхээ илэрхийлж, нийт 680 сая мод тарьж ургуулахаар батламжлан, удирдлагууд нь гарын үсэг зурав. Тодруулбал, 2030 он хүртэл нийслэл Улаанбаатар 120, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Булган аймаг 20, Говь-Алтай 100, Говьсүмбэр тав, Дундговь, Хэнтий 30, Завхан 25, Өмнөговь 70 сая ширхэг мод тарьж ургуулах аж.
Бэлтгэсэн У.Наран