МАН-ын бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг дарга Д.Тогтохсүрэн нь өгсөн. УИХ дахь олонхын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд төсөв батлагдсантай холбоотойгоор мэдээлэл хийжээ. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. МАН-ын бүлгийнхэн эл төслийн хэлэлцүүлгээс завсарлага аваад байсан юм.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ирэх оны улсын төсөв чухал ач холбогдолтой. Хэдий цар тахалтай байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан. Тиймээс 2022 оны төсвийн хүрээний асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Ингэхдээ гурван чиглэлийг онцоллоо. Нэгдүгээрт, эдийн засгаа сэргээх, хоёрдугаарт, хүний эрхийг хангахтай холбоотой тодорхой асуудалд УИХ, Засгийн газар анхаарал хандуулах, гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд хэд хэдэн ажил хийх хэрэгтэй гэдгийг ярилцсан. Гэхдээ шийдвэр гаргаагүй. Эдийн засгаа сэргээх асуудлаар ирэх долоо хоногт хууль, тогтоолын төслүүд өргөн барина.
Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийн хүрээнд хоёр зүйл анхаарал татаж буй. Нэг нь жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авах, нөгөөх нь тус сангаас хохирогчдод төлөх хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой. Манай бүлгийн гишүүдийн олонх нь уг төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Тиймээс тус хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн үг. Энэ хуулийг батлаад арав орчим жил болж байна. Нийгэмд тодорхой үр дүнгээ өгч буй. Хувийн хэвшлийн явуулж байгаа ажлыг төрд авах байдлаар хандаж болохгүй. Нийгмийн зүгээс болон даатгалын компаниудаас энэ хуультай холбоотой санал, шүүмжлэл ихээр ирүүлж байна” гэв.
Бэлтгэсэн Б.Уран