УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Тэрбээр энэ талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Уг хуулийг 1994 онд баталж, 2005, 2006, 2014, 2015, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг журамлах цаг ирсэн байна. Манай улсын нэгдэн орсон, олон улсын 1600 гаруй гэрээ, конвенц байдаг. Тэдгээр гэрээ, конвенцод хүний эрхийг хамгаалахтай холбогдсон олон үүргийг тусгасан. Сүүлийн үед хүний жам ёсны эрхэд халдах үзэгдлүүд манайд ажиглагдаж байна. Үндсэн хуульд зааснаар бид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуульд тусгасан. Гэтэл өнөөдөр жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон. Ингэснээр иргэд жагсаал, цуглаан хийх, үг хэлэх эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, иргэд жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэхдээ тухайн шатны Засаг даргадаа мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг нь зөвшөөрөл мэтээр ойлгогдож, төр, иргэдийн хооронд үл ойлголцол бий болж байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг өөрчлөх, ингэхдээ 10 дугаар зүйлийг бүхэлд нь хасахаар төсөл санаачилсан. Уг хуулийг баталбал иргэд жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэхдээ ямар ч зөвшөөрөл авахгүй. Зөвхөн тухайн шатны Засаг даргад мэдээлэл хүргүүлэх юм. Үүний гол зорилго нь тухайн жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангахад чиглэж буй юм. Өөрөөр хэлбэл, иргэд жагсаал, цуглаан хийх хүсэлтээ тухайн дүүргийн Засаг даргад мэдүүлж, бүртгүүлнэ. Олон улсын туршлагаас харахад, жагсаал, цуглаан хийхээс өмнө бүртгүүлдэг жишиг бий. Иргэдэд хэзээ ч, ямар ч цаг үед итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой. Бид ардчилсан Үндсэн хуулиар олж авсан эрх чөлөөгөө эдлэхгүйгээр хувь хүний эрхэд халдсан хууль мөрдөж болохгүй. МАН-ын бүлгийн гишүүд ч уг хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэх ёстойг хүлээн зөвшөөрч байгаа” хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, уг хуулийн 10 дугаар зүйлийг 2005 онд баталсан нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан юм байна.
Бэлтгэсэн Б.Уран