УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Тэд Оюутолгойн хэлэлцээр, ирэх оны улсын төсвийн төсөл болон хил, гааль хаасантай холбоотойгоор үүсэж буй асуудлын талаар ярилцжээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгийг гаргахаар болсныг бид зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг манай нам олонх байхдаа батлуулсан. Зарцуулалт нь сангийн зорилго, зорилттой нийцэхгүй байна. Ер нь 2022 оны төсөв маш их алдагдалтай байхаар буй. Үүнээс гадна эдийн засгаа тэлэх, орлого олох чиглэлд нааштай зүйл алга. Хойшлуулж болох хөрөнгө оруулалт ч олон бий. Музей, соёлын төв барих гэх мэт шаардлагагүй хөрөнгө оруулалт тусгасны зэрэгцээ зураг, төсөлгүй арга хэмжээнүүдийг ч оруулсан байна. Инфляц хоёр оронтой тоонд хүрсэн энэ үед хүнээ, иргэнээ бодсон бодлого хэрэгжүүлэхгүй байгаа. Тэтгэвэр, цалинг нь нэмэх талаар юу ч тусгаагүй” гээд төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авахаар болсноо дуулгасан юм.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Оюутолгойн гэрээг сайжруулахыг АН дэмжиж байгаа. Харин улстөржөөд, гэрээ байгуулсан бүх бурууг АН-д тохож, нялзааж болохгүй. Санаж байгаа бол 2015 онд бүх түүхий эдийн үнэ унасан үед далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлье, үл ойлголцсон асуудлаа нэг тийш болгоё гээд л уг гэрээг байгуулсан шүү дээ. Гэрээнд алдаа, оноотой зүйл бий. Цаашид “Оюутолгой”-г компанийн дүрмээр ажиллуулахгүй, улс төрийн байгууллага шиг авч явж болохгүй. “Оюутолгой”-н ТУЗ-д сууж буй гурван хүн тус тусдаа ажиллаад байна. Тэд нэгдмэл байж асуудлынхаа дотор нь орж ажиллах ёстой” гэв.
Мөн бүлгийн дарга Д.Ганбат “Зэсийн үйлдвэр байгуулах, далд уурхайг хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй, хойшлуулсан байдалтай байгаа. Хамгийн гол нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг “Рио тинто” яаж хүлээж авч байгаа, зарим нэгийг нь хүлээн зөвшөөрсөн, эсэх нь тодорхойгүй” гээд Оюутолгойн хэлэлцээрийг хариуцаж буй ажлын хэсгийнхнийг дэмжихийн хэрээр ихээхэн итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийллээ.
Бэлтгэсэн У.Наран