УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоон, захирамж гаргажээ. Арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт хууль, тогтоолын 44 төсөл багтсан байна. Тэдгээрийн дотор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн, Зөвшөөрлийн, УИХ-ын хяналт, шалгалтын, Хамтын тэтгэврийн, Жолоочийн даатгалын болон Нийгмийн даатгалын багц хуулиуд, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын гэх мэт төсөл бий аж.
Ийнхүү сар бүр хэлэлцэх асуудлаа батлах нь нэг талаар хууль тогтоогчдын ажилд дүн тавьж, эргэж харах боломж олгож байна. Энэ хугацаанд нөхөн сонгууль болж, эрх баригчид хоёр гишүүнээр бүл нэмж, парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэв. Ингэхдээ Гамшгаас хамгаалах, Ерөнхийлөгчийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталжээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилсон байна.
УИХ өнгөрсөн сард нийт 24 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Хэлэлцэх асуудлын эхэнд ирэх оны төсөв, мөнгөний бодлого болон Зөвшөөрлийн, УИХ-ын хяналт, шалгалтын, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх, Хөрөнгийн үнэлгээний, Актив удирдлагын компанийн, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг сая баталсан жагсаалтад ч багтсан төслүүд байв. Үндсэндээ ирэх оны төсөв, мөнгөний бодлогоос гадна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн, Генетик нөөцийн, Хүний хувийн мэдээлэл хамгаалах болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл зэрэг 10 орчим асуудал хоёр сар дамжин жагсаалтад багтаад байна.
Харин аравдугаар сард хэлэлцэхээр төлөвлөсөн ч хөдөлгөө ч үгүй зарим төсөл өдгөө жагсаалтад ч алга. Тухайлбал, Хөрөнгийн үнэлгээний, Актив удирдлагын компанийн, Мэргэжлийн нэгдсэн холбооны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ удаа хойш тавьж буй бололтой. Өнгөрсөн сарын эхээр УИХ-ын дарга МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзахдаа тэднийг хамтран Худалдаа аж үйлдвэрийн танхимын болон Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төслийн хүрээнд байр сууриа нэгтгэн, нийтлэг эрх ашгаа илэрхийлэх хэрэгтэйг хэлж байсан юм. Мөн хэл ам дагуулж, хамт өргөн барьсан гишүүд нь хөлөө жийлцэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг ч жагсаалтад багтаасангүй. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг нэр бүхий гишүүд тус тусдаа санаачлан, хэлэлцэж эхлээд байв. Хэдийгээраль аль нь анхны босгоо давсан ч байр суурийн ихээхэн зөрүүтэй, багагүй шүүмжлэл дагуулсан төслүүдийг хэрхэн нэгтгэх, цаашлаад хэлэлцүүлэгт яаж бэлтгэх нь нэлээд цаг авч мэдэх юм. Үүнээс гадна Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг чамбай хийж, ирэх хаврын ээлжит чуулганаар батлахөөр төлөвлөж буйгаа УИХ-ын дарга хэлж байсан билээ.
Энэ сарын жагсаалтад нэмэгдсэн шинэхэн асуудлууд гэвэл Т.Аюурсайхан нарын 20 гишүүн хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга тэргүүтэй төслүүд байна. Тухайлбал, эл төсөл нэлээд маргаан, мэтгэлцээн өрнүүлж мэдэхээр байгаа юм. Учир нь уг төслийг өргөн барив уу, үгүй юү даатгалын компаниудын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, төр хувийн бизнест хутгалдах гэж байна хэмээн буруутгасан бол санаачлагч гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Даатгалын цөөн компани ялах уу, нэг сая жолоочийн эрх ашиг ялах уу” хэмээн байр сууринаасаа гуйвахгүйгээ илэрхийлж буй. Тэрбээр “Аль нэг компани төрийг дарамталж, шантаажилна гэж байхгүй. Жилдээ автомашины “сайн дурын” гэгч даатгалаас дөрөв, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас гурван тэрбумыг халаасалдаг даатгалын зарим компани жолооч нарыг үргэлжлүүлэн шулахын тулд 150 сая төгрөгийг хуулийн өөрчлөлтийг муучлах пиар, телевиз, УИХ-ын гишүүдийг лоббидоход зориулж гаргасан байна. Угтаа энэ бол нөхөн төлбөрт өгвөлзохих жолооч нарын мөнгө юм. УИХ-ын олон гишүүн компанийн лоббид автахгүй, нийтийн эрх ашгийн талд хатуу байр суурьтай байгаа. Энэ хуулийг өөрчилснөөр хохирлыг бодитоор үнэлдэг болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Өмнөх сарын жагсаалтад байгаагүй ч өргөн барьсан даруйд нь хэлэлцэж эхэлсэн хэд хэдэн төслийг энэ сард багтаан батлах нь дамжиггүй. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулан, хэд хэдэн агентлаг байгуулж, зарим байгууллагыг харьяалах яам, сайдыг сольж өөрчлөхөөр тусгасан Засгийн газрын бүтцийн болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг гишүүд ч, олон нийт ч ихээхэн ач холбогдол өгч, сонирхов, бас шүүмжиллээ. Мөнгишүүн Т.Доржханд, Х.Булгантуяа нарын өргөн барьсан, УИХ-ын гишүүн олон улсын байгууллагын удирдлагын сонгууль албан тушаал хашиж болохоор тусгасан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь. Үүний зэрэгцээ Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлээд буй билээ.
Түүнчлэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай төслийг Засгийн газраас өнгөрсөн сард УИХ-д яаралтай өргөн мэдүүлж, түүнийг нь хаалттай хэлэлцсэн бол одоо Төмөр замын тээврийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаажээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай тогтоолын төслийг энэ сард хэлэлцэхээр төлөвлөж буй бололтой. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр Ёс зүйн дэд хороо байсныг нь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болгон өргөтгөөд ч үйл ажиллагаанд нь зарчмын байтугай, хэлбэрийн өөрчлөлт гараагүйг олон хүн шүүмжилж буй. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг яаж ч шинэчлээд шидийг нь үзэх, эсэхтээ эргэлзэж байгаагаа нуух юун. Гэвч үүнийг баталчихвал сайн хэрэг. Учир нь энэ дүрмийн төслийг шинэчилнэ гэж парламентаас парламентад, ээлжит чуулганаас ээлжит чуулган дамжуулан шидэлж, хэлэлцэх асуудлын дараалалд ёс мэт хавчуулсаар удаж буй билээ. Үнэндээ дүрэмтэй, тусгайлсан байнгын хороотой, холбогдох хуульд нь ч гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг сахиулахтай холбоотой чамлахааргүй зохицуулалт бий шүү дээ.