Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахим хөгжилтэй холбоотой төсвийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, “E Mongolia”-ийн үйл ажиллагаанд 7.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 4 тэрбумыг ажилчдын цалинд, үлдсэнийг нь тоног, төхөөрөмжид зарцуулах гэнэ. Мөн тэрбээр,
“E Mongolia” академийг байгуулах үндсэн гурван шалтгаан бий. Үүнд:
- Программ хангамжийн тогтвортой байдал.
Өнгөрсөн жилийн хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 230 сая долларын программ хангамж хийсэн. Тухайн компани нь төслөө дуусгаад хүлээлгэж өгөх үед төрийн албанд тэр программ хангамжийг нь ажиллуулж чадах хүн байдаггүй. Өөрөөр хэлбэл, 500-900 мянган төгрөгийн цалинтай “IT”-гийн ажилчид тэр нарийн программыг авч явах чадваргүй учир маш олон тэрбум төгрөг салхинд хийсгэж буй гэсэн үг. Манай улсад мэдээлэл, технологийн инженерүүд хомс учир хувийн байгууллагууд өндөр цалин өгч, ажиллуулдаг. Төр ч бас тийм чадварлаг хүмүүсийг ажиллуулж байж хэдэн тэрбум ам.долларын өртгөөр хийсэн системүүдийн тогтвортой ажиллуулж чадах юм.
- Сургалт, судалгааны асуудал
Төр ямар технологийг ашиглах вэ гэдгийг үргэлж судалж байх нь чухал. Маш олон технологийн хувилбартай энэ үед “Монголд хамгийн тохиромжтой нь юу вэ” гэдгийг судлахгүйгээр гарч ирсэн болгоныг авна. Эдгээрийг яг ашиглалтад оруулах гэхээр таарахгүй, программ нь ажиллахгүй зэрэг асуудал үүсдэг. Ингэснээр төсвөөс дахин хөрөнгө гаргаж, шинийг хийлгүүлнэ.
- Иргэдийг мэдээллээр хангах
“E Mongolia”-г хэрэгжүүлэх явцад “Төрийн байгууллагын лавлах руу залгахаар утсаа авдаггүй. Эсвэл тэндээс асуу гээд утсаа тасалдаг” гэх гомдол, санал их ирдэг. Төр иргэдээ мэдээллээр хангаж, ёс зүйтэй харьцдаг стандарттай байх ёстой. Тиймээс төрийн бүх яам, агентлагуудыг нэгтгэсэн операторуудын системийг нэвтрүүлж, орон тоо оруулж өгсөн байгаа” хэмээв.