Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хорооны удирдлага болон холбогдох ажлын хэсгийнхнээс өгсөн мэдээллээр аймгийн төвөөс бусад сумд тасралтгүй ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутам олгохоор тусгажээ. Эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшуулалд 6.2, цаашид жил бүр 2.3 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа аж.
Мөн энэ өдөр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа. Цэц энэ сарын 20-нд хийсэн дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан юм. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3.2-т “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж заасан нь Үндсэн хуулийн 14.1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16.14 дэх заалтын “… шударга шүүхээр шүүлгэх, … эрхтэй…”, 19.1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц… хууль зүйн… баталгааг бүрдүүлэх… үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасныг зөрчсөн байна гэж үзэж, дээрх заалтуудыг түдгэлзүүлсэн билээ. Үүнийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, хүлээн авах нь зүйтэй хэмээснийг өчигдөр нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Үргэлжлүүлэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн. Үүний дараа Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниуд хэт ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж, цахим гарын үсэг олгох үнээ хэт нэмэх боломжийг хаах ямар зохицуулалт бий вэ хэмээн лавласан. Мөн өв залгамжлал, гэрээ, гэрээслэлийг цахим гарын үсгээс гадна бичлэгээр баталгаажуулах эрхийг хуулиар хаагаагүй биз дээ гэж асуусан. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Манай улс 2011 онд Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан. Хуулийг баталснаас хойших 10 жилийн хугацаанд 38 мянга орчим цахим гарын үсэг олгосон байна. Эдгээрийг нийгмийн даатгалын тайлан өгдөг, тендерт оролцдог аж ахуйн нэгж, иргэд л авсан байдаг. Энэ бол туйлын чамлалттай тоо. Цахим гарын үсэг нийтийн хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байна. Хуулийн төсөлд цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгаж байгаа. Нийт 2.2 сая гаруй хүний иргэний үнэмлэх дээр цахим гарын үсгийг нь суулгаж өгнө. Иргэн бүр цахим гарын үсэгтэй болохоор хэрэглээ нь нэмэгдэнэ. Ингэхдээ иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно. Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн байгууллагад хандан үнэ төлбөртэйгөөр авч болно. Өв залгамжлал, гэрлэлтээ батлуулахад өөрийн биеэр очих ёстой” гэв.
Бэлтгэсэн У.Наран