Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол батлав. Иргэн Б.Сүндэръяагийн гаргасан гомдлын дагуу бэлгийн дарамт учруулсан гэх үйлдэлд нь ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь. Өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу хагас жил гаруйн өмнө анх олон нийтийн анхааралд өртсөн элхэрэг, явдлыг харин УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хайхарсангүй, хуралдсангүй. Ер нь Ц.Анандбазар гэлтгүй ёс зүй, сахилга хариуцлагагүй үйлдлээсээ болж чих халууцуулах гишүүдийнхээ толгойг илэхээс өөрийг хийсэнгүй. Иймэрхүү байдлаар ажилладаг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо төрийн эрх барих дээд байгууллагын бүтцэд байх шаардлагатай, эсэхийг эргэн харах ёстой юм биш үү.
Тус байнгын хороо байгуулагдсанаас хойших жил гаруйн хугацаанд тоотой хэдхэн хуралдсан. Харин ойрмогхон хоёр ч удаа хуралдсан нь гарцаагүй шалтгаантай гэхэд болно. Тодруулбал, уржигдар хуралдахдаа ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид буюу Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдлага 2022 оны төсвийн төсөлд тухайн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой хэмжээнд төсөв тавигдсан, эсэх талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн өмнөх долоо хоногт хуралдахдаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсов. УИХ-ын тухай хуулийн 24.4.2-т зааснаар тус байнгын хороо төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг хариуцан ажиллах зохицуулалттай. Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдсөн. Өдгөө улсын хэмжээнд 2711 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд Ёс зүйн зөвлөлүүд нийт 1591 зөрчил шийдвэрлэснээс 475 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгож, 1050 албан хаагчид сануулах шийтгэл ногдуулан, 11 албан хаагч сайн дураараа ажлаас чөлөөлөгдөж, 55 албан хаагчид холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон нь тус хуралдааны үеэр анхаарал татаж байлаа.
Үнэндээ өөрсдийнхөө, гишүүдийнхээ ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлд хуруугаа ч хөдөлгөхгүй байж өөр бусад хүн, төрийн албаныхныг шүүж, тунгаагаад суухад нь эгдүү хүрснээ нуух юун. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд хэдэн удаа хуралдаж, ямар зөрчил, гомдол хэлэлцсэн, юуг нь, хэрхэн шийдвэрлэсэн гээд дээрх шиг тайлан болгоод хэлчих зүйл үгүй л болов уу. Тус байнгын хорооныхон, ялангуяа удирдлагад нь хүсэл, зүтгэл байсан бол заавал гомдол, өргөдөл хүлээлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр гарч буй мэдээлэлд соргог хандаж, санаачилгаараа идэвхтэй ажиллаж болох л байсан. Тухайлбал, төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлүүд олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээлэлд үндэслэн 22 зөрчил, гомдлыг шийдвэрлэсэн байх жишээтэй.
Угтаа манай хууль тогтоогчид Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооныхныг хийх ажилгүй байлгахаар ёс зүйтэй, сахилга хариуцлагатай хүмүүс биш шүү дээ. Тухайлбал, ажлын байранд буюу Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны үеэр согтуу, хөлчүү байснаа гишүүд өөрсдөө ярих болсон. Жишээ нь, УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Ж.Батсуурь согтуу “байсныг” хэлсний хариуд тэрбээр “Би Г.Занданшатарыг УИХ-ыг удирдаж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Өнгөрсөн хавар бид талбайд жагсаж байхад Г.Занданшатар гарч ирэхдээ шал согтуу, “Хэл нь тагнайгаа олохгүй, хөл нь талбайгаа олохгүй” байсан. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөх үеэр ярьж чадахгүй, үгээ сольж, холиод, “Халтмаагийн Хүрэлсүх” гэх мэтээр хэлж, Монгол даяар шившгээ дэлгэсэн. Үүнийг нь хэлэнгүүт намайг өөртэйгөө адилтгаж, согтуу байна гэж хэлсэн. Би архи уудаггүй. УИХ-ын хуралдааны танхимд согтуу орж ирсэн түүх байхгүй. Харин Г.Занданшатар бол дандаа согтуу байдаг” гээд хэлчихсэн. Эрхэм гишүүдийн өөр хоорондоо чулуудсан үгсээс үзвэл, энэ парламентын дарга, цэрэггүй бор дарсанд дуниартаж явдаг гэлтэй. Ажлын байрны бус архидалт, согтуугаар үйлдсэн хэрэг, зөрчлийг ч гишүүд гаргасаар л буй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, үхээгүй нь аз гэмээр, ноцтой осол гаргасан бол гишүүн Ж.Мөнхбат ар гэртээ агсам тавьж, авгай, хүүхдээ айлгаж, ичээсэн “үйлдэл”-ээр шалгагдсан. Энэ бүхнийг байнгын хороогоороо ярьж, асуудал үүсгээд буй хүмүүст нь анхааруулсан уу гэвэл үгүй.
Магадгүй байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хууль, хяналтын байгууллагынхны үйл ажиллагаатай хутгалдахгүй гэж хэлж мэднэ. Учир нь Ц.Анандбазар гишүүний холбогдсон хэргийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ даргад өгсөн ч тэрбээр “Гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй. Эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэдэг журмаар хуулийн байгууллагууд шийдвэрлэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УИХ хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг” хэмээсээр хуруугаа ч хөдөлгөөгүй юм даг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныхоо төлөө Б.Пүрэвдорж гишүүн хуулийн хариуцлага хүлээснээ өөрөө мэдэгдсэн. Харин гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон гишүүн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнд байсаар байгаа төдийгүй энд, тэндхийн хурал, уулзалтад жендерийн тэгш эрхийг хангах талаар ярьж явна.
Өөрөөр хэлбэл, гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотойгоор үүссэн асуудлыг хувь хүмүүс төдийгүй хууль тогтоогчдын харилцаа, хандлага талаас нь харж, цэгцлэхийг хүссэнгүй. Жишээ нь, бие биеэ архичин, согтуугаар нь хочилж, доромжилж байгаа гишүүдтэй Б.Бат-Эрдэнэ даргатай байнгын хорооноос санаачилга гарган уулзаж яагаад болохгүй гэж. Г.Занданшатар, Ж.Батсуурь нар хэн хэн нь үнэн хэлсэн бол Төрийн ордонд архидсаных нь төлөө хариуцлага тооцох ёстой. Үгүй бол хэн хэнийхээ нэр төрд халдаж, худал мэдээлэл тарааж, олон нийт, сонгогчдыг нь төөрөгдүүлснийхээ төлөө тэд хариуцлага хүлээх хэрэгтэй. Ядаж л хэн буруутай нь уучлал гуйх шийдвэрийг байнгын хорооноос гаргаж болохгүй гэж үү. Дээр дурдсанчлан төрийн бусад байгууллагын Ёс зүйн зөвлөлүүд уучлал гуйхыг үүрэг болгохоос авхуулаад сануулах хүртэл сахилгын арга хэмжээ авч байна. Мөн төрийн албан хаагчдын харилцаа, хандлагатай холбоотой зөрчил, гомдол хамгийн их бүртгэгдэж, тэр болгоны мөрөөр хариуцлагын арга хэмжээ авсан нь УИХ-ын гишүүдэд үлгэр жишээ болмоор санагдана.
Юутай ч төрийн байгууллагын дэргэд байгуулсан Ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдэрч, ёс зүйн зөрчлийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахиц үзүүлж байгааг ажил хариуцсан хүмүүс нь хэлсэн. Харин өнгөрсөн парламентын үед дэд хороо байсан бүтцийг байнгын хороо болгон томруулж, эрх, үүргээ нэмэгдүүлчихээд үйл ажиллагаандаа зарчмын өөрчлөлт гаргах нь битгий хэл, өмнөхөөсөө ч дээрдүүлэхгүй байгаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хамаг ажлыг хойш татаж байна гэлтэй. Ийм хүмүүс төрийн албан хаагчдын ёс зүйг ярьж, үнэлнэ гэхээсээ ичих хэрэгтэй. Өрөөлийн бус, өөрсдийнхөө ёс зүйд эхлээд анхаарал хандуулна уу, Б.Бат-Эрдэнэ дарга аа.