УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын талаар хэлэлцсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хоёр хөрштэй тогтоосон харилцаа, ялангуяа, олон жил бужигнасан зарим асуудлын талаар ярилцлаа. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах саналыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Энэ тухай саналаа Засгийн газраас хаалттай өргөн барьсан учраас нээлттэй хэлэлцэх боломжгүй. Зарим асуудал нь нууцын зэрэглэлтэй. Ялангуяа төмөр зам, шатахуун, агаарын тээвэртэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээн тодотгосон.
Цаашид төмөр зам, тухайлбал, Шивээхүрэн, Бичигтийн чиглэлийнхийг концессын гэрээгээр барих нь зүйтэй гэж үзэж буй юм байна. Мөн УБТЗ-ын даргаар Оросын талаас орос хүн тавих саналтай байгаа аж. Манай талаас монгол хүн томилох саналтай байгаа ч АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг санал болгоогүйг олонхын бүлгийн дарга хэллээ. Түүнчлэн өмнөх төмөр замын ажлууд ямар шатандаа явааг сонсож, хэзээ ашиглалтад оруулахыг нь тодруулсан байна. Улмаар Засгийн газраас өргөн барьсан төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж Ардын намынхан санал нэгджээ.
Бэлтгэсэн У.Наран