УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өчигдөр хуралдаж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх мэдээллийг сонсов. Төрийн албаны тухай хуулийг шинээр мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Ёс зүйн зөвлөлүүд нийт 1591 зөрчил шийдвэрлэснээс уучлал гуйхыг 475 албан хаагчид үүрэг болгож, 1050 албан хаагчид сануулах шийтгэл ногдуулан, 11 албан хаагч сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу 55 албан хаагчид хариуцлага тооцсон. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг гомдлоор 945, мэдээллээр 240, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 15, олон нийтийн сүлжээгээр 22, байгууллагын дотоод хяналтаар 895-ыг тус тус илрүүлжээ. Агуулгаар нь үзвэл ажлын хариуцлага алдсан 81, албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурсан 96, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй долоо, ажлын цаг ашиглалтын зургаа, харилцаа хандлагын 148, нууц задруулах, захирах захирагдах ёсыг зөрчих, албаны нэр барих, байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглах зэрэг бусад зөрчил илэрснийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулав.
Бэлтгэсэн Б.Уран