Д.Ганбат: Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хассан
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өчигдөр мэдээлэл хийж, гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг бүлгээс хассаныг мэдэгдэв. Тэрбээр “АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хуралдсан. Тус хурлаар намын зохион байгуулалтын талаар ярилцах саналыг УИХ-ын гишүүн Н.Ганибал гаргасан. Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэрийг манай нам энэ оны долдугаар сарын 5-нд гаргаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газартай хариуцлага тооцох саналыг УИХ-ын 19-өөс доошгүй гишүүн гарын үсэг зурснаар, өргөн барьдаг. Үүнд АН-ын бүлгийн 11 гишүүний нэлээд нь гарын үсэг зураагүй. Зурсан гишүүд нь одоо эргэж, буцаж байна. АН-ынханд янз бүрийн дарамт ирж байгаа. Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүртгэл, тамга тэмдэгтэй холбоотой шийдвэрийг шат шатны шүүх гаргаж, ямар нэгэн маргаангүй болсон. АН хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа” гээд намын удирдлагаас парламент дахь бүлгийн дарга надад чиглэл өгч, тогтоол хүргүүлсэн. Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь АН-ын дүрмийн заалтуудыг зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа удаа дараа явуулсан тул намын үндсэн дүрмийн дагуу 2021 оны аравдугаар сарын 15-ны 27, 28 дугаар тогтоолоор гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын хариуцлага ногдуулсан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг явуулсан байна лээ” гэсэн юм.
Ингэснээр бүлэг нь найман гишүүнтэй болж буйг ч тэрбээр хүлээн зөвшөөрлөө. Бүлгийн дарга Д.Ганбат “Нэгэнт тушаал, шийдвэр гаргасан тул мөрдөх ёстой. Би намын гишүүдийг хөөх эрхтэй хүн биш. Намын тамга тэмдэгтэй холбоотой шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргасан тул удирдлага нь нэг болсон гэж ойлгосон” хэмээв.
Н.Ганибал: Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг УИХ дахь намын бүлгээс хассан талаар мэдээлсэнтэй холбогдуулан “хөөгдсөн” хүмүүсийн зарим нь хэвлэлийнхэнд хандав. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нар О.Цогтгэрэлийн хамт мэдээлэл хийсэн юм. Гишүүн О.Цогтгэрэл “Намын гишүүдээ хагалган бутаргаж, хөөж туудаг коммунист арга барилыг санагалзсан, “Ардчилсан” гэх шошготой ажилладаг нөхөд энэ үйлдлээ таслан зогсоох ёстой” хэмээн онцолсон.
АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “Бүлгийн ээлжит хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хууль болон намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн дагуу АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Бүлгийн даргын албан тушаалыг дэд даргад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Манай бүлэг 13 гишүүнтэй. Гишүүн бүлгээс гарах, орохтой холбоотой бүх харилцааг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой заасан. Тодруулбал, бүлгийн гишүүн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд бүлгээс гарсанд тооцно. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга шийдвэр гаргаснаар бүлгээс хөөхгүй” гэсэн бол гишүүн Ц.Туваан “Даваа гараг бүр бүлгийн дарга Д.Ганбат гишүүнээ хөөж, тушаал, шийдвэр уншдаг боллоо. УИХ-ын гишүүд хуулиар олгосон бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, гишүүн өөрөө УИХ-ын даргад өргөдөл өгсөн тохиолдолд тухайн бүлгээс гаргадаг. АН-тай холбоотой, хууль, шүүхээр шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Шүүхээс аль ч талд нь шийдвэр гаргаагүй байхад өөрсдийнхөөрөө тайлбарлахыг сая сонслоо. Д.Ганбат бүлгийн гишүүдийг дураараа хөөх нь хууль бус” гэсэн юм.