Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын зарим улсад суух Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь өнгөрсөн баасан гарагт гардууллаа. Тодруулбал, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайд Л.Саянаа, Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг, Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Элчин сайд Ж.Бямбасүрэн, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Элчин сайд С.Энхбаяр, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав, Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайд Д.Гансүх, АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаяр нар итгэмжлэх жуух бичгээ авсан юм.
Энэ үеэр Элчин сайд нарт гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэх, эх орноо сурталчлан таниулах, гадаадад амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулах, байгаль орчин, цөлжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж, идэвх санаачилгатай, сэтгэлтэй ажиллахыг Төрийн тэргүүн захив. Тэдний хамт нийт 23 хүнийг Элчин сайдаар томилохыг УИХ өнгөрсөн долдугаар сард дэмжсэн бөгөөд одоо таван хүн итгэмжлэх жуух бичгээ аваагүй байна. Тодруулбал, Бельгийн Хаант Улсад суух Элчин сайд Л.Болд, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Элчин сайд Э.Булган, ОХУ-д суух Элчин сайд Ө.Энхтүвшин, Бүгд Найрамдах Франц Улсад суух Элчин сайд У.Нямхүү, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Элчин сайд Б.Энхсүх нар итгэмжлэх жуух бичгээ хүлээж буй билээ.
Бэлтгэсэн У.Наран