Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон "2014 онд байгуулагдсан Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын Монгол Хятадын хамтарсан зөвлөлийн гурав дахь хурлыг нөгөөдөр буюу 2021 оны 10-р сарын 15-ны 15:00 цагт цахимаар зохион байгуулах гэж байна" хэмээн мэдээлсэн. Эл хурлаар хоёр улсын цаашид хамтарч хэрэгжүүлэх томоохон төслүүдийг хэлэлцэх юм. Тодруулбал,
- Улаанбаатар хотыг тойрсон хурдны автозам барих төсөл,
- Баганан тулгуурт автобусны автозам барих төсөл,
- Монгол Улсын өмнөд бүс нутгийн нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглаж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гаргах,
- Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих төсөл,
- ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил.
Дээрх төслүүдийг төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр, харилцан ашигтай хэрэгжүүлэх талаар хэлэлцэх гэнэ.