Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын VI уулзалтад оролцлоо. Уг уулзалтад ОХУ, Энэтхэг, Монгол, Катар, Бахрейн, Киргиз, Беларусь, Узбекистан зэрэг АХАИББХ-ын гишүүн 27 орны Гадаад хэргийн сайд, дэд сайд нар оролцож, цар тахлын дараах шинэ нийгэмд хэрхэн хамтран ажиллах, эдийн засгаа сэргээж, идэвхжүүлэх, бүс нутгийн аюулгүй хийгээд тогтвортой байдлыг хэрхэн хангах санал солилцсон байна. Цар тахлын дараах олон сорилтод үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, илүү нягт хамтран ажиллах шаардлагатай чухал цаг үед тус чуулган болж байгааг сайд Б.Батцэцэг энэ үеэр онцолсон. АХАИББХ нь олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үр дүнтэй талбар болсныг мөн тэмдэглэв.
Төлөөлөгчдийн тэргүүн нар тус чуулган болж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаевд бараалхаж, АХАИББХ-ын нарийн бичгийн дарга нарын газрын төв байрны албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг байгуулах саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 47 дугаар чуулганы үеэр буюу 1992 онд Казахстаны Ерөнхийлөгч асан Н.А.Назарбаев дэвшүүлж байсан бөгөөд ирэх онд 30 жилийн ой нь тохиох юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы үеэр Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай ажлын уулзалт хийв. Сайд нар Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, дараагийн таван жилийн хамтын ажиллагааны чиглэлээ ойрын үед хэлэлцэж, тохирохоор санал нэгдлээ. Мөн дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хийж, газрын тосны үйлдвэр барих зэрэг одоо хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ урагшлуулахын сацуу хамтын ажиллагааны шинэ талбаруудыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэв.
Сайд С.Жайшанкар цар тахлын нөхцөл байдал тус улсад харьцангуй намжиж, халдварын тоо буурч байгааг дурдаад, цаашид иргэд зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх чиглэлд гадаадын улс орнуудтай идэвхтэй ажиллаж байгаагаа танилцуулж байлаа. Үүний хүрээнд вакцины гэрчилгээтэй холбоотой тодорхой асуудлаар ойрын үед тохиролцоонд хүрэх санал дэвшүүлэв. Цар тахлын хүнд үед ч Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөснийг сайд Б.Батцэцэг тэмдэглээд, харилцаагаа идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлсэн юм.
Бэлтгэсэн У.Наран