ХҮН-аас 28 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Найдалаа авсан саналынхаа тоогоор МАН-ын нэр дэвшигч Э.Батшугарын дараа буюу хоёрт жагссан. Өчигдөр тус намаас мэдээлэл хийж, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулан, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд яаралтай тусгахад хамтарч ажиллахыг эрх баригчдаас шаардлаа.
ХҮН-ын дарга Т.Доржханд “Сонгуулийн үр дүнд бид нийтээрээ харамсаж байна. Нийт иргэдийн 40 хүрэхгүй хувь нь саналаа өглөө. Эрх баригчид сонгогчдыг машин, машинаар нь зөөж, дүүрэг, хороодын бүх ажилтан, албан хаагч, төрийн өмчийн компанийнхныг ажиллуулсан гэх мэдээлэл ирж байна. Гэхдээ л ирц хүрсэнгүй. Ийм байдлаар удаан явбал ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унана. Иргэд саналаа өгөхгүй, сонголтоо хийхгүй байгаа нь эрх баригчдад, улс төрийн намуудад өгч буй маш том сануулга, олон алдаатай шийдвэр гаргасны гор. Үнэндээ Монголын ардчилал сум, багийн Засаг дарга, тэдний дор ажиллаж байгаа хүмүүс, мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна. Өнөөдөр хэн ялсан нь чухал биш. Гэхдээ бидэнд ардчилал үнэ цэнтэй. Ардчиллаа хамгаалж үлдэхийн тулд сонгууль нь зөв, шударга, ардчилсан байж иргэд нь идэвхтэй оролцдог байх ёстой” гэв.
Тэд сонгуулийн холимог тогтолцоо гэдэгт нийт мандатын 50-иас багагүйг нь хувь тэнцүүлсэн хэлбэрээр бүрдүүлэх саналтай байгаа аж. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоон, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Мөн сум, дүүрэг, баг, хорооны удирдлагыг улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгох зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй гэв.