УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуульд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооныхон өчигдөр хуралдаж, албажуулав. 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 18 796 сонгогч саналаа өгч, 37.03 хувийн ирцтэй, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 45 151 сонгогч саналаа өгч, 39.6 хувийн ирцтэй сонгууль болсон юм. Өөрөөр хэлбэл, сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна. Нийт 131 хэсэгт нэмэлт санал хураалт болох юм байна. Энэ нь дээрх хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаагаас 17-д нь ирц хүрсэн гэсэн үг. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Хэнтий аймагт 16 хэсгийн хороонд ирц 50 хувийг давсан аж.
Үүний талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээлэл хийсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран уржигдар санал хураалт дууссаны дараа хяналтын тооллого буюу гараар 100 хувь тоолоход автоматжуулсан системийн дүнтэй зөрөөгүйг хэллээ. 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахад 2.2 тэрбум төгрөгийн төсвийг УИХ баталсан бөгөөд үүндээ багтааж нэмэлт санал хураалт явуулах гэнэ. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй.
18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тэмдэглээгүй саналын хуудас 153, 28 дугаар тойргийн 59 хэсгийн хорооноос тэмдэглээгүй саналын хуудас 525 ширхэг гарсан байна. Энэ нь тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд сонгогчдынх нь 0.4 орчим хувь нь “цагаан сонголт” хийсэн гэсэн үг юм. Харин хүчингүй саналын хуудас аль алинд нь байхгүй аж. Төхөөрөмж дэх ирц, саналын тоо, хуудас болон холбогдох бусад баримт, тоног төхөөрөмж зэргийг хамгаалалтад авч, битүүмжилжээ. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхнийх дээр нэмж тооцох юм. Өөрөөр хэлбэл, уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь УИХ-ын гишүүнээр сонгогдоно.