Австрийн Ерөнхий сайд Себастьян Курц өөрийнх нь эсрэг прокурорын газраас авлигын хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажил явуулж байгаатай холбогдуулан албан тушаалаасаа огцорч байгаагаа өнгөрсөн бямба гарагт Вена хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Тэрээр өөрийнхөө оронд Гадаад хэргийн сайд Александр Шалленбергийг томилохыг Ерөнхийлөгч Александр фон дер Беллен санал болгожээ.
"Улс орон маань миний нэр хүнд, хувь хүнээс илүү чухал. Тиймээс гацааг арилгах, эмх замбараагүй байдлаас зайлсхийх, тогтвортой байдлыг хангахын тулд би албан тушаалаа орхихыг хүсэж байна. Би “Ардын нам”-ын багийг эхэлсэн ажлыг үргэлжлүүлэхийг хүссэн. Намын даргын хувьд би Засгийн газрын шинэ тэргүүнээр Александр Шалленбергийг санал болгов " гэж Курц хэлжээ.
Эл шийдвэрийг гаргах нь түүнд амаргүй байсныг улс төрч нэмж хэлэв. Тэрбээр канцлерын албан тушаалаасаа огцорсныхоо дараа намын дарга, парламент дахь намын бүлгийн дарга хэвээр үлдэх болно гэдгээ онцолсон байна.
Аравдугаар сарын 6-нд Эдийн засаг, авилгын гэмт хэрэгтэй тэмцэх прокурорын газраас Ерөнхий сайд болон түүний ойрын 9 албан тушаалтны эсрэг авила, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.
Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаан буюу Австрийн парламентын доод танхимын хуралдаан ирэх мягмар гаригт товлогдсон бөгөөд “Эрх чөлөөний нам” Курцэд итгэл үл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах гэж байжээ.
Өдгөө 35 настай Себастьян Курц Австрийн засгийн газрыг анх 2017 оны сүүлээр хүлээн авч, Бүгд найрамдах улсын түүхэн дэх хамгийн залуу канцлер болсон юм.
2019 оны тавдугаар сард тус улсад улс төрийн дотоод хямрал үүссэн бөгөөд Курц хугацаанаас өмнө сонгууль зарлаж, шинэ засгийн газар байгуулан ч парламент дахь сөрөг хүчнийхэн итгэл хүлээлгээгүй. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен канцлер Курц болон түүний сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
2019 оны есдүгээр сард болсон ээлжит бус сонгуулиар Курцын толгойлдог “Австрийн Ардын нам” ялснаар Курц дахин өөрийн Засгийн газраа байгуулсан юм.