Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Одоогийн хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25- аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн, 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Хөрөнгийн ийм босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй гэж төсөлд тусгажээ. Гэхдээ тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд манайд оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан байна.
Уг төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх саналыг гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн бол Б.Энхбаяр нарын зарим гишүүн төслийн 12.1.6-т “гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг манай улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгоно” гэдэг заалттай холбогдуулан үүнд болгоомжтой хандах ёстойг хэлж, дэмжихгүйгээ илэрхийлж байлаа.
Бэлтгэсэн Б.Уран